"Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төслийнхөнд сүүний сав, цөцгий ялгагч гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-12 18:59:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНЧУ-ын Засгийн газрын албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд тус улсын Улаанбаатар хот дахь ЭСЯ-ны санхүүжилтээр "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төсөлд өнөөдөр сүүний сав, цөцгий ялгагч гардуулав.


АДРА Монгол ОУБ-ын "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төсөл нь Завхан аймгийн Идэр суманд хэрэгжиж байгаа бөгөөд экспортын чиглэлийн хатуу бяслагийн загвар үйлдвэр байгуулах, сүү нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх замаар 100 гаруй малчин өрхийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой аж. Малчин өрхүүд бяслагийн үйлдвэрт сүүгээ нийлүүлэхэд нь туслах энэхүү төслийг Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ болон АДРА Монгол ОУБ хамтран энэ онд эхлүүлсэн байна. Төслийн үр дүнд өнөөдөр ийнхүү хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан 62 ширхэг зэвэрдэггүй сүүний ган сав, зургаан ширхэг цөцгий ялгагчийг олгож байна. 



Ёслолын үеэр АДРА ОУБ-ын Азийн бүсийн дарга Марк Вэбстер хэлэхдээ,  "Алсалсан бүс нутагт аж төрж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэхэд хүндрэл тулгардаг. Тиймээс БНЧУ-ын Элчин сайдын яамны энэхүү дэмжлэг нь Завхан аймагт төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно" гэдгийг тодотгов. 



"БНЧУ-аас Монголын хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор том, жижиг тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Эдгээр хөтөлбөрөөр дамжуулан Чехийн хөдөө аж ахуйн дэвшилтэт техник технологийг Монгол Улсад нэвтрүүлэн, хоёр орны төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байна. Үүний нэг нь АДРА Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй төсөлд өгч буй дэмжлэг юм" гэж БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ийржи Бродский онцоллоо. 



Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд уг зорилтыг биелүүлэхэд "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төсөл тодорхой хувь нэмэр оруулах болно гэдгийг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлээд, БНЧУ-ын Засгийн газар, тус улсын Элчин сайдын яам, АДРА Монгол ОУБ-д талархсанаа илэрхийллээ.    


Сүүний сав, цөцгий ялгаруулах төхөөрөмж гардуулах үеэр, ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Сарандагина оролцож, Засгийн газраас сүүний бэлтгэн нийлүүлэлт, боловсруулалтын талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан. 

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас "Мах, сүүний анхдугаар аян"-ыг улсын хэмжээнд зохион байгуулж, орон нутгийн сүүний нөөцийг ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тус аяныг үр дүнтэй зохион байгуулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, идэвх санаачилга, орон нутгийн оролцоо, гадаад улс, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа чухал ач холбогдолтой" гэв.  



Ёслолын төгсгөлд БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский АДРА Монгол ОУБ-ын "Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь" төслийн менежер Г.Мөнх-Эрдэнэд батламж гардуулж, АДРА ОУБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч М.Мөнхжаргал, Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Х.Баярмаа нар Элчин сайдад талархсанаа илэрхийллээ. Мөн Монголиан Артизан Чийз Мэйкерс Юнион" ХХК-ийн гүйцэтгэх захирал Майкл Морроу бяслагийн үйлдвэрлэл, зах зээлийн талаар танилцуулж, бяслагаа амтлуулав. 



Холбоотой мэдээ