Саналын томьёоллыг УИХ батална

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-12 16:55:37

Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг ард түмнээс асуух УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр эцэслэгдэх хэмжээнд явж байна. Энэхүү шийдвэрийн эргэн тойронд олон үйл явдал өрнөж байна гэж хэлж болно. Түүнээс тоймолж авч үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч “төрийн тогтолцоог”  ард түмнээс асууна гэж байр сууриа илэрхийлсэн нь улстөрчид, хуульчдын анхаарлыг маш их татав бололтой. Энэ талаар улс төрчид, хуульчдын байр суурь хоёр өөр байна гэж ойлгож болно. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн  хууль санаачлагчийг  “Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын нийт гишүүний гуравны хоёр нь”  гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл, Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах тогтоол  санаачлах эрх бүхий субьект мөн байна. Гэхдээ  ард түмнээс юу  асуух вэ, эцсийн шийдвэр хэрхэн гарах вэ гэдэг нь өөр асуудал болон хувирна. Ерөнхийлөгчийн хувьд, “төрийн тогтолцоо” асууна гэж байгаа.  Төрийн тэргүүний  байр суурийг зарим хуульч (О. Мөнхсайхан зэрэг) эрх зүйн боломж байхгүй гэсэн тайлбар өгсөн байна. Тэр бол зөвхөн нэг хуульчийн тайлбар, түүнээс биш бүх нийтээр дагаж мөрдөх хууль биш. Энд тэмдэглэн хэлэхэд, Ерөнхийлөгчийн байр суурь өнөөдөр саналын түвшинд байна.  


Ард нийтийн санал асуулгын зардал дээрхийн нэгэн адил олны анхаарлын төвд бас л байна. Энэ талаар анх “Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний зардал гарна” гэж эрх баригчид мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төсвийг  2017 онд 14,9 тэрбум төгрөг гэж баталсан юм билээ. Харин анхны санал хураалтаар гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50 дээр нэмэх нэг хувийн санал аваагүй тул дахин санал хураасан. Дахин санал хураалтад долоон тэрбум төгрөг нэмж зарцуулсан аж. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) ард нийтийн санал асуулга явуулахад 29 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан нь бусдын нүдийг орой дээр нь гаргасан гэж хэлж болно. Зардал тойрсон яриа үүгээр хязгаарлагдаагүй. Улсын төсөв тодотгоно, тодотгохгүй Засгийн газрын нөөцөд ийм хэмжээний мөнгө байна, байхгүй гэх мэтээр хүрээгээ тэлэв бололтой.


Сангийн сайд Ч. Хүрэлбаатар “Улсын төсвийг  зардал өсгөх байдлаар тодотгох боломжгүй. Харин төсөв дотор нь зохицуулалт хийх (зарим зардлыг танах) боломжтой” гэх мэдээллийг амнаасаа унагасан байна. Ард нийтийн санал асуулгын тухай хуульд ”Санал асуулга явуулахтай холбогдсон зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ  (8 дугаар зүйл. Санал асуулга явуулахтай холбогдсон зардал 8.1) гэсэн заалт бий. Зардал тойрсон энэ асуудал шийдлээ хүлээж байгаа олон асуудлын нэг болон хувирлаа.

 

Үндсэн хуулийн нэмэлтийн тухайд ард нийтээс асуух боломж хуулиар бүрэн нээлттэй юм билээ. Гэхдээ дээрх хуульд “нэг удаад гурваас дээшгүй асуудлаар асуулга явуулна. Санал асуулга явуулах асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заажээ. Энэхүү хуулиар нэг удаа асуух асуултын тоог хуульчилхаас  гадна, саналын хуудсанд, шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуултыг эсрэг утга бүхий хариултын хувилбартай хамт байлгана гэж тодотгож өгсөн байх юм.  Тэгэхээр  ард нийтийн санал асуулгын энэ удаагийн саналын хуудсан дээр Үндсэн хуулийн үндсэн заалт үг үсгээрээ, түүнийг хэрхэн яаж өөрчилж байгааг бас л үг үсгээр нь буулгаж хоёуланг нь зэрэгцүүлэн хэвлэх бололтой. Санал хураах байранд санал өгөх гэж  ирсэн  иргэн  саналын хуудсыг аваад Үндсэн хуулийн ямар заалт яаж өөрчлөгдөж байгааг уншиж танилцаад  дэмжих эсхээ шийдвэрлэж "тийм, үгүй" гэсэн хоёр хариултын аль нэгийг дугуйлах бололтой. Бололтой гэж хэлж байгаагийн хувьд,  саналын хуудасны агуулгыг хэрхэн яаж  томьёолох талаар эцсийн шийдвэр хараахан гараагүйтэй холбоотой.

Ер нь  санал асуулгаар шийдвэрлэх асуудлыг илэрхийлсэн асуулт эсрэг утга бүхий хариулт хоёрын (саналын хуудасны) томьёолол ямар байхыг  УИХ хэлэлцэн эцэслэн батлах юм билээ. Харин саналын хуудасны  загварыг СЕХ-ны журмаар  батлах учиртай гэнэ. Түүнээс гадна саналын хуудас тусгай нууцлалтай, индекс, дугаартай байна гэж хуульчилжээ. 

Холбоотой мэдээ