"Эрдэнэт үйлдвэр"-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-13 13:15:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  


Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’ ХХК-д үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх, цаашид хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.


Тэрбээр, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ-т хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд “Дархан төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК, “Кью Эс Си” ХХК, “Цемент шохой” ХК, “Монголиан коппер корпорэйшн” ХХК, “Цэц мөнх” ХХК, “Рэс” ХХК, “Гурван уул" ХХК, "Тайтлан Ресорсиз Монголиа" ХХК-тай холбоотой зарим асуудлыг шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. Онцгой дэглэм тогтоосноор хоёр үйлдвэрийн газрын үйл ажиллагаа жигдэрсэн бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхэд хугацаа шаардана" гэлээ.


“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ энэ оны эхний 342.3 мянган тонн зэсийн баяжмал, 3.0 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэж, 1.2 их наяд төгрөгийн орлого олж, зардлыг 5.6 хувиар бууруулжээ. Ингэснээр 281.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Мөн улс, орон нутгийн төсөвт 2019 оны эхний 7 сарын байдлаар нийт 647.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ нь 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад, 134.8 хувиар буюу 167.2 тэрбум төгрөгөөр илүү аж. “Монголросцветмет" ТӨҮГ 2019 оны эхний хагаст үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөг ханган биелүүлж, 22.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, төсөвт 20.5 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэм, түүний хэрэгжилтийн явцыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдал бүрэн арилаагүй тул онцгой дэглэмийг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзэн, хугацааг сунгахаар төлөвлөсөн байна. Онцгой дэглэмийг 6 сараар сунгах боломжтой аж.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийн хэмжээг тодруулсан.


“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сүүлийн хоёр жилийн геологи, хайгуулын ажлын урьдчилсан дүнгээр “Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг өнөөгийн хүчин чадлаар ашиглахад 60 жил болно гэсэн тооцоо гарсныг хэллээ. Мөн ордын нөөцийг нэмэх чиглэлээр хайгуул, судалгааг Эрдэнэтийн овооноос гадна 60 км-ын тойрогт өрнүүлж буйг онцоллоо.


Уг төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах саналыг байнгын хорооны гишүүдийн 69.2 хувь дэмжлээ.

Холбоотой мэдээ