С.Эрдэнэболд: Ардчиллын мөн чанарыг аль нэг намын үйл ажиллагаагаар үнэлж дүгнэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-13 18:22:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас зарласан Олон улсын ардчиллын өдрийг манай улс өнөөдөр тэмдэглэж байна. Энэ өдөр Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой уулзаж залуу хүний хувьд ардчиллын талаарх үзэл бодол, байр суурийг сонслоо. Тэрээр өнөөдөр болсон “Монгол Улс-Ардчиллын замаар 30 жил”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн хурлын зохион байгуулагчаар ажилласан юм.

Тэрээр хэлэхдээ, “Ардчиллыг би дугуй унаж буй хүнтэй зүйрлэж боддог. Тэнцвэр алдвал унахад амархан. Тодорхой хэмжээгээр жигд явбал тэнцвэрээ олдог тийм л зүйл гэж санадаг. Их Британийн хамгийн залуудаа ерөнхий сайд болж байсан Вилин Фит гэдэг хүн “Хууль ёс хэзээ хэрэгжихээ болино, тэр мөчид дарангуйлал тогтоно” гэж хэлсэн байдаг. Тиймээс “Ардчилал” гэдэг үгийн ард “Хууль ёс” гэж бичигддэг байна. Хуулиа дотор нь задлахаар хүний эрх, чөлөө гэсэн бусад зүйл нь бий” хэмээн онцолж байна.

Цааш нь тэрээр, “Өнөөдөр ардчилал ганц Монголд бус, дэлхий даяараа сорилттой тулгарч байна. Манай улстай адил нэг системд байсан зүүн Европын орнуудаас эхлээд ардчиллын эцэг орны нэг гэгддэг Америкт ч тэр өөр өөрийнхөө хөгжлийн шатанд шинэ сорилтуудтай тулгарч байна. Та бүхэн Их Британийн ерөнхий сайд агсан У.Черчиллийн хэлсэн, “Ардчилал гэж төгс тогтолцоо биш. Гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүүг олоогүй байна” гэсэн утга бүхий үгийг сайн мэднэ. Тиймээс ардчиллын гол амин сүнс нь хувь хүнээр бус, хуулиар удирддаг засаглалын тогтвортой байдлыг хэлдэг байна” гэв.

“Манай улсын хувьд, 30 жилийн ардчилсан үйл явцын хугацаанд хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, эвлэлдэн нэгддэг болсон. Өмчтэй байх эрх чөлөө баталгаажсан. Цаашид үүнийг яаж төгөлдөржүүлж, цаасан дээр байгаа эдийн засгийн өсөлтийг иргэдийн гэрт, гарт нь яаж хүргэх вэ гэдэг нь эдийн засгийг улам либералчлах, хүний эрх, эрх чөлөөг улам амьдралтай, хэрэглээ болгох явдал чухал юм. Энэ дээр л бид анхаарах ёстой байна” гэдгийг тэмдэглэж байв.

Тэрээр, өөрийн үзэл бодол дээрээ нэг зүйлийг онцолж хэлэхдээ, “Ардчилсан нийгэм гэдэг бол АН-ын буюу улстөрийн аль нэг намын ганцаараа хамгаалах зүйл биш” гэдгийг тодотгов. Энд иргэний нийгмийг хүсэж буй хүн болгон, улстөрийн намууд, институт, судалгааны хүрээлэнгүүд хамтарч ажиллах учиртай. Тиймээс ардчиллын өнөөдрийн болж буй үйл явцыг хэрчиж аваад, түүгээр дүгнэж болохгүй. Сорилтыг туулаад хөгжиж буй ардчилалд тулгарч буй тэр зүйлүүд болох сорилт нэг бүрийг засаад явах боломжтой бөгөөд ингэх ганц боломж нь эрх чөлөөт нийгэм-хууль ёс гэдэг зүйлд оршиж байдаг.

Хэрэв нэг хүний дарангуйлал юм уу нөлөөнд орох юм бол ардчиллын тэр “сорилтыг” засахад оройтсон байх болно. Хохирол нь улс, үндэстний эрх ашгаар хэмжигддэг. Тийм учраас ардчиллын мөн чанарыг аль нэг намын үйл ажиллагаагаар огт дүгнэж болохгүй. Улстөрчийн имижээр дүгнэж цэгнэж болохгүй. Үүнийг бид урт хугацаанд, том зургаар нь харах ёстой гэж боддог” гэсэн юм.

Б.Болд

Холбоотой мэдээ