Баянхонгорын бэлчээр нутгийн 40 шахам хувьд даац хэтрэлттэй гэсэн дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-18 21:25:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ онд Баянхонгор аймгийн хэмжээнд 11.920 малчин өрхөд 4.5 сая гаруй толгой мал өвөлжиж, хаваржина. 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүнгээс харвал, тус аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл, хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, 40 шахам хувьд даац хэтэрч гарсан байна. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргадаг аж. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар долдугаар сарын сүүлчээс зуншлага дээрдсэнийг тус мэдээллээс харж болохоор байна.

Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсныг албаны хүн тайлбарлав.

Мөн сумдын дүнгээр авч үзвэл, Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй гэлээ. Харин Баянхонгорын Баян-Овоо Мандалхайрхан 1 дүгээр баг, Мэргэн 4 дүгээр баг, Баацагааны Баян-Сайр 2 дугаар баг, Буйлсан 3 дугаар баг, Баянцагааны Гичгэнэ 1 дүгээр баг, Богдын Гурван гол 2 дугаар баг, Далан түрүү 3 дугаар багуудад бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрч гарсан байна.


Холбоотой мэдээ