“Ухаалаг ирээдүй-2016” боловсролыг дэмжих төслийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-04-09 23:20:49

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж байгаа “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийн нээлт Залуучууд театрт болов.

Нээлтэд аймгийн Засаг дарга А.Энхболд, “Юнайтед менежмент консалтинг” ХХК-ийн төлөөллүүд , БСШУЯ-ны Боловсролын Үнэлгээний төв, Батлан Хамгаалахын их сургууль, Хууль Сахиулахын их сургууль, МУБИС, СЭЗДС, “Рояаль академи” зэрэг их дээд сургуулиудын холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уг төслийг аймгийн ЗДТГ, “Юнайтед менежмент консалтинг” ХХК-тай хамтарч хэрэгжүүлэхээр ажиллаж бол тест нь 53 еврогийн үнэтэй бөгөөд аймгийн ЗДТГ-аас төгсөх ангийн сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөртөө болон эх орондоо ухаалаг ирээдүйг бүтээх боломжийг нээж өгөх зорилготойгоор үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжийг олгож байгаа юм. Төслийн хүрээнд “Эерэг хандлага”, “Зорилготой хүн”, “Хүчирхэг үнэт зүйлс”, “Ухаалаг ирээдүй ухаалаг сонголтоос эхэлнэ” зэрэг сэдэвт илтгэлүүд тавигдсан юм. Түүнчлэн аймгийн Засаг дарга А.Энхболд, Залуучуудын өвлийн II олимпийн аварга Б.Сумъяа, Их Засаг ОУИС-ийн ТУЗ-ын дарга, Монголын “Рояаль академи”-ийн ерөнхийлөгч Н.Учрал, JCI лидер, “Positive mind” төслийн удирдагч Н.Энхбаатар нар “1437 Ухаалаг сонголт, 1437 Амжилтын эхлэл” уулзалт ярилцлагыг өрнүүлсэн. Мөн дээрх их, дээд сургуулиудаас танилцуулга мэдээлэл, элсэлт авах журам, онцлог зэргийг танилцуулав. Энэ хичээлийн жилд тус аймгаас 1437 сурагч ахлах ангиа төгсөнө.

Иймд “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төсөл нь “1437 ухаалаг сонголт”, “1437 амжилтын эхлэл” гэсэн уриа дэвшүүлжээ. Төслийн хүрээнд энэ сарын 9-11-ны өдрүүдэд “Элсэлтийн ерөнхий шалгалтын танилцуулга зөвлөгөө”, “Боловсролын үзэсгэлэн”, “Мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг үнэлэх тестийн асуулга”-д тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар ангийн нийт төгсөгчдийг хамруулахаар төлөвлөжээ.

Дээрх тест нь “Олон улсын тестийн комисс”, “Францын сэтгэл судлалын нийгэмлэг”, “Америкийн Сэтгэл судлалын холбоо”, “Английн Сэтгэл судлалын нийгэмлэг” зэрэг олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөнөөрөө онцлог давуу талтай. Мөн энэ үеэр “Менежерийн ур чадвар”, “Шалтгаант холбоо хамаарлыг тогтоох оюуны чадамж”, “Хувь хүний онцлог шинжийг том тавын үзүүлэлт”-ээр тодорхойлох, “Сэтгэл хөдлөлөө удирдах оюуны чадамж бизнесийн Англи хэлний төвшин тогтоох”, “Борлуулалт хийх чадвар” зэрэг тестүүдийн асуулгад өөрсдийн сонирхлоор наймдугаар дугаар ангиас дээш бүх насны хүмүүс хамрагдах боломжтой аж.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ