Ахмадуудад үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-20 15:08:03

Ховд /МОНЦАМЭ/. Геронтологийн үндэсний төвөөс ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, насжилтыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Геронтологийн үндэсний төв, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмадын хороо хамтран “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт үйл ажиллагаа зохион байгууллаа.

Үүнд ахмад настан 99, эмч эмнэлгийн мэргэжилтэн 70, нийт 169 хүн оролцов. Энэ үеэр аймгийн эрүүл мэндийн байгууллагын  эмч, эмнэлгийн мэргэжилтэнд настанд үзүүлэх тусламж үйлчилгээний онцлог, хэрэгцээ, настнуудад зонхилон тохиолдох эмгэгийн талаар мэдлэг олгожээ. Мөн геронтологи,гериатрийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.

Үүнээс гадна ахмад настнуудад эрүүл, идэвхтэй, урт насжилтыг дэмжих чиглэлээр мэдээлэл хийж, дасгал хөдөлгөөн заажээ. 

Мөн Жаргалант сумын таван өрхийн эрүүл мэндийн төвд Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн биелэлт болон ахмад настны тусламж үйлчилгээний чанарт үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.  Ингэснээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах боломж бүрдсэн. Цаашлаад ахмадуудын эрүүл, идэвхтэй урт насжилтын талаарх мэдлэг дээшлэх,хандлага өөрчлөгдөх зэрэг давуу талтай гэж зохион байгуулагчид онцоллоо.  

Холбоотой мэдээ