“Хас” банк хуучин зуухнуудыг 150 мянгаар худалдан авч "устгаж" байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-09-20 19:45:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр БОАЖЯ-ны нээлттэй өдөрлөгөөр тав дахь өдрөө үргэлжлэв.

Өнөөдрийн өдөрлөгт тусгай хамгаалалттай газрууд, аялал жуулчлал, ойн газар зэрэг яамны харьяа байгууллагууд, мөн хамтран ажилладаг байгууллага, төсөл хөтөлбөрийн газрууд, “Тавантолгой түлш”, “Монватт”, “Газком” зэрэг төрийн өмчит болон хувий хэвшлийн компани, ААН-үүд, Цаг уур, орчны шинжилгээний газрын төлөөлөл оролцож үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд танилцууллаа.  

Тухайлбал, ХАС, Төрийн банк, ХААН банкууд оролцож “Ногоон зээл”-ийн үйл ажиллагаагаа танилцуулав. Энд ХАС банк гэхэд гэр, байшингаа дулаалж, дулаалга, халаалалтын систем, төхөөрөмж авахад 20 сая хүртэл төгрөгийн зээлийг олгож, зээл аван цахилгаан болон газан халаалт, дулаанд шилжиж буй айл өрхүүдийн хуучин зуух, пийшинг 150 мянган төгрөгөөр хуралдан авч, нэг ёсондоо хуучин зуухнуудыг хэрэглээнээс хасан “устгаж” байна.


Ер нь “Ногоон зээл”-ийг цахилгаан болон бусад халаагуур суурилуулах, бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах, эко ариун цэврийн газар байгуулах, ариун цэврийн газар бүхий жуулчны гэр байгуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж суурилуулах айл өрхөөс аваад албан газар, байгууллага, ААН, аялал жуучлалын байгууллагуудад олгох юм байна.


Өдөрлөгт оролцож буй “Газком” ХХК хоолойгүй агаар шүүгч, Японы “Rinnia” брэндийн халаалт, дулааны төхөөрөмжөө танилцууллаа. Эдгээр нь бүгд газаар ажилладаг учир цахилгааныг 30 хувиар хэмнэдэг байна. Тус компани худалдан авалт хийсэн хэрэглэгч бүрт жилийн 8 хувийн хүүтэй “Ногоон зээл”- хамрагдах боломжоор хангажээ. Тус компани БОАЖЯ-тай хамтран төвийн шугамд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийг хийн халаалтын төхөөөрөмжөөр бүрэн ханган ажиллаж байгаа аж.


Өдөрлөгт оролцсон Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ) ТББ-ынхан нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хороо Шар хаданд болон Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт ЖДҮ-ийг дэмжих төв дээр байгаль орчинг хамгаалах Мэдээллийн төвүүд байгуулан агаарын чанараас эхлээд айл өрхийн дулаалга, утааны байдлыг хянахаар ажиллаж байгаагаа танилцуулж байв.

Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай моднуудын жагсаалтыг гаргаснаа иргэдэд танилцуулж байлаа. Мөн минж нутагшуулах төвийн мэдээллийн төв дээр байдаг чихмэлүүдийг иргэдэд сонирхуулж, амьтдын талаар сонирхсон асуултад хариулж байсан юм. 


Өдөрлөгөөр “Тавантолгой түлш” компаниас сайжруулсан шахмал түлшийг иргэдэд олгох “Сайн” картаа танилцуулсан юм. Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт гэхэд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан түлш авах эхний 17 мянган картыг тус дүүргийн 9,11-20-р хороонд хүлээлгэн өгөөд байгаа аж. Одоо хороод айл өрхүүддээ хэсгийн ахлагчаараа дамжуулан тараах юм байна. Сүхбаатар дүүрэгт сайжруулсан түлш борлуулах 50 цэг ажиллана. 

Сайжруулсан түлшийг авахдаа “Сайн карт”-аа зөвхөн тухайн дүүрэгт байрлах түлш борлуулагч нарын гар утсанд суулгасан апплекшейнд уншуулж түлшээ худалдан авна. Өөр, бусад дүүрэгт тухайн карт уншигдахгүй юм байна. Үүнийг хэрэглэгч иргэд анхаарахыг зөвлөж байлаа. Учир нь эхний удаад 3 тонн шахмал түлш худалдан авах эрх бүхий энэ карт нь төлбөрийн хэрэгсэл гэхээсээ илүү нэг өрхийн өвлийн турш хэрэглэх сайжруулсан түлшний хэрэглээг хянах цахим хэрэгсэл гэдгийг танилцуулж байлаа.



Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ