"Харанга" хамтлаг 30 жилийн ойгоо үзэгчидтэйгээ тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараараа гялалзан гарч ирсэн “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Тус хамтлагийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж 30 жилийн тэгш ойгоо тэмдэглэх тухай мэдээлэл өгөхдөө "Анх байгуулагдсан бүрэлдэхүүнээрээ уран бүтээлээ туурвиж байгаа нь хамгийн ховор" гэдгийг онцолж байв.
“Харанга” хамтлагийн ахлагч нь МУГЖ Ц.Энхманлай, МУУГЗ Ц.Чулуунбат гитарчин, дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн гоцлол дуучин, МУСТА Я.Одсүрэн хэмнэлт гитарчин, МУСТА Н.Пүрэвдаш бөмбөрчин, цохилуур хөгжимчин гэсэн бүрэлдэхүүнтэй 30 жил болцгоожээ.
Ойдоо зориулж “Замд гаръя” тоглолтоо аравдугаар сарын 19-ний 15.00 цагт “Буянт-Ухаа” ордонд хийнэ. Тоглолтод Монголын орчин үеийн хөгжмийн шилдэг хамтлаг, дуучид буюу “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The limons”, “A sound”, “Rec on”, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг удахгүй борлуулж эхлэх бөгөөд тоглолтын өдөр тусгай автобус хотын төвөөс “Буянт-Ухаа” хүртэл иргэдэд тусгайлан үйлчлэх юм байна. Мөн тоглолтын үеэр хамтлагийн түүхийг өгүүлэх зургийн үзэсгэлэн гаргах аж. “Харанга” хамтлагийн 30 жилийн түүхийг өгүүлсэн баримтат, реалити нэвтрүүлэг хийж, “Volume-1” пянз гаргана. Мөн 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд гаргасан “Бодлын тэнгис”, 2003 онд гаргасан “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлэх юм.