Нутагшуулахаар тавьсан 10 бугыг харж хамгаалах хүнийг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 16:18:09

Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баруун сайхан уулын хойт үзүүр Уул булаг гэдэг газарт говьд нутагшуулах 10 бугаа тавилаа. Энэ сарын 9-нд болсон Өмнөговь аймагт буга нутагшуулах үйл явдалд тус аймгийн 13 сумын төлөөлөл ирсэн байв.

Буга нутагшуулах түүх үйл явдлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун хэлэхдээ “Тус аймагт буга нутагшиж байсан гэх олон баримт байдгийн нэг нь хадны сүг зураг юм. Мөн энэхүү Гурван сайхан ууланд буга нь согоотойгоо ирж нутагшаад тодорхой хугацаа өнгөрсөн. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын тэргүүлчид зэрэг олон хүмүүсийн санаачnлга дор энэ ажил бодит биеллээ олж байна. Буга нутагшуулах ажлыг маань дэмжсэн Эрдэнэт үйлдвэрийн захирал, нутгийн унаган хүү, аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэнд нутгийнхаа түмэн олны өмнөөс баярлаж буй илэрхийлье” гэсэн юм. Буга нутагшуулах ажлын хэсгийг тэргүүлэгч В.Мөнхбат ахалж ажилласан ажээ.

6 согоо, 4 бугыг ийнхүү Говь гурван сайхан ууланд тавилаа. Буга нутагших үйл явцад байгаль хамгаалагчаас гадна нутгийн иргэд амар тайван, дураараа идээших нөхцөл боломжийг нь хангаж өгнө гэдэгт итгэж буйгаа ч ИТХ-ын дарга нэмж хэлсэн. Энэхүү 10 бугыг харж хандах хүнээр Өмнөговьт анх буга нутагшуулах оролдлого хийж байсан Д.Бумыг томилж, байгаль хамгаалагч гэсэн орон тоог гаргаж, цалинжуулахаар болжээ. Мөн энэ үйл явдлын үеэр  түүнд мотоцикль өгсөн юм. Тэрээр 1989 онд бугын сангийн аж ахуйн хажуугаас бугын төл олж тэжээгээд, 1992 онд Өмнөговь аймагтаа авч ирж байжээ. “Тухайн үеийн аймгийн удирдлагууд буга өсгөх үржүүлэх талаар бодолцоогүй, арга барилаа ч олоогүй. Харин намайг амьтан тамлаж энэ газар авч ирлээ буцаа гэснээр хангайд нь бугаа буцааж байсан” гэж ярилаа.     

Өмнөговь аймагт буга байсанг батлах хадны олон сүг зураг байдгаас Хүрмэн сумын нутагт төлөө хөхүүлж буй согооны зураг байдаг байна. Мөн тус аймгийн нутгаас бугын чулуужсан эвэр олдож байсныг БОАЖГ-ын дарга Дэндэвсамба хэлж байлаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ