“Sony” тоглоомын үйлчилгээнийхээ үнийг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-02 12:00:26

НЬЮ-ЙОРК. /CNN/. Японы “Sonу” компани “Playstation Now” нэртэй тоглоомын үйлчилгээнийхээ үнийг 50 орчим хувиар бууруулсан байна.


Технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ.


Мягмар гарагаас эхлэн “Playstation Now” үйлчилгээний сарын үнэ 19.99 ам.доллароос 9.99 ам.доллар, гурван сарын үнэ 49.99 ам.доллароос 24.99 ам.доллар, жилийн үнэ 99.99 ам.доллароос 59.99 ам.доллар болж буурчээ. Одоогийн хэрэглэгчид дараагийн худалдан авалтаас эхлэн хямдарсан үнээр үйлчлүүлэх боломжтой гэнэ.


Microsoft” компани “Project xCloud” үйлчилгээнийхээ талаар олон нийтэд танилцуулж, “Google” компани ирэх 11 дүгээр сараас нэвтрүүлэх “Google Stadia” үйлчилгээнийхээ урьдчилсан захиалгыг авж эхэлсэн энэ үед “Sonу” дээрх шийдвэрийг гаргажээ.


Sonу” компани өрсөлдөөнтэй холбоотойгоор үнээ бууруулсан гэх мэдээллийг тус компанийн төлөөлөгч Грейс Чен үгүйсгээд, хэрэглэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх зорилгоор уг шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдсэн байна.


Одоогийн байдлаар 700 мянга гаруй хэрэглэгчтэй “Playstation Now” үйлчилгээний үнийг бууруулснаар хэрэглэгчдийн тоо ирэх оны мөн үе гэхэд 50 хувиар нэмэгдэнэ хэмээн “Sonу” компанийн мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ.


Мөн “Playstation Now”-н гар утсанд зориулсан хувилбарыг гаргах эсэх талаар хараахан шийдээгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ