Цагдаагийн алба хаагчид долоон хүний амь насыг галын аюулаас аварчээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-04 10:00:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн цагдаагийн хоёр алба хаагч шатаж байсан гэрээс долоон хүний амийг аварчээ.

Тодруулбал, өнгөрөгч есдүгээр сарын 28-ны шөнө нэг цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд гэр хорооллын нүүрний эгнээний хоёр айлын гэр шатаж байгаа дуудлагыг тус сумын иргэн ирүүлсэн байна.

Энэ дагуу Жаргалтхаан сум дахь сум дундын цагдаагийн тасгийн харъяа Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Суманхүү, цагдаагийн ахлагч Э.Наранбаатар, тус сумын иргэн Д.Мөнхбат нар очиж шатаж байсан гэрээс долоон хүнийг гаргаж амь насыг нь аварсан байна.Тэднийг очиход эзэнгүй нэг гэр нь шатаж дууссан, хажуу талынх нь гал авалцаж байсан гэрт Д.Цэемаа /70 нас, эм/, Б.Ууганбаяр /14 нас/, Б.Отгонбаяр /12 нас/, Э.Саруулбуян /9 нас/, Э.Цэлмүүн /5 нас/, У.Маргад /1 нас/ нар угаартсан байдалтай унтаж байжээ.

Алба хаагчдын ярьж байгаагаар эхлээд хүүхэд, том хүн нийлсэн зургаан хүнийг гэрээс гаргасан байна. Хамгийн сүүлд хүн үлдсэн эсэхийг шалгахад У.Маргад гэх нэг настай охин орныхоо хөлд унасан байдалтай унтаж байхыг олж аварчээ.

Мөн тухайн хашаанд байсан тээврийн хэрэгсэл, шинэ барьсан байшин, хураалттай өвс зэргийг галын аюулд өртөхөөс урьдчилан сэргийлж чадсан байна.

Галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар холбогдох байгууллагууд шалгалт явуулж байгаа аж. Шатсан айлын эздүүд сумын төвд зохион байгуулж байсан тэмцээнд оролцохоор явсан байжээ. 

Холбоотой мэдээ