Таван аймагт 2.75 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-03 14:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк болон Японы Хүүхдийг Ивээх сан хамтран 2.75 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монгол Улсын хөдөө орон нутгийн эмзэг бүлгийн залуусыг дэмжих “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийг хэрэгжүүлэх болсноо өнөөдөр зарлалаа.


Төслийн баримт бичигт Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев болон Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь захирал Мицуаки Тоёда гарын үсэг зурсан юм. Энэхүү төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд 2019-2023 онд хэрэгжүүлэх аж.

Монгол Улсад боловсролын түвшин нэмэгдсэн ч сургуулиас завсардсан буюу завсардах эрсдэлтэй хөдөө орон нутгийн эмзэг бүлгийн залуус хөдөлмөрийн зах зээлд ороход бэрхшээлтэй тулгарсан хэвээр байна. Мөн боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг. Тэр дундаа орон нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс тус төсөл нь өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг орон нутгийн зорилтот бүлгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгох юм. 

Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ, “Сургалт явуулж, танхимд сурсан зүйлээ дадлага хийх боломжийг олгосноор энэхүү төсөл нь хөдөө орон нутгийн залуучуудын сурлагын амжилтыг дээшлүүлж, тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх замаар ирээдүйн ажил мэргэжлийн өсөн дэвших боломжийг сайжруулахад тусална” гэдгийг тодотгов.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр сургууль завсардсан болон ажилгүйдэлд өртөх эрсдэлтэй орон нутгийн 6000 өсвөр насны хүүхэд, залуучууд сурлагын амжилтаа сайжруулж, цаашлаад хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх боломжтой болох юм. Түүнчлэн сургалтад хамрагдаж төгссөн залуучуудад бага хэмжээний тэтгэлэг олгохоор болсон нь орон нутгийн бизнесийн боломж, олон нийтийн хэрэгцээг уялдуулах замаар сурсан ур чадвараа амьдрал, практикт ашиглах боломжийг олгох аж.

Төслийн үйл ажиллагаа нь зорилтот орон нутгийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүд гэх мэт 20 мянга орчим иргэнд хүрэх аж. 


Холбоотой мэдээ