Боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах санал тавьжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-10-03 21:54:56

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески болон бусад албаны төлөөллүүдтэй Улаанбаатарт уулзаж санал солилцжээ.

Энэхүү уулзалтын үеэр Завхан аймаг өнгөрсөн жил зохион байгуулсан Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах саналыг тавьжээ. Мөн боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хөрөнгө оруулалтыг Завхан аймаг руу чиглүүлэх, багш, сурагч солилцооны хөтөлбөрт тус аймгийн хүүхэд, иргэдээс хамруулах зэрэг саналыг АНУ-ын Элчин сайдад тавьжээ.

АНУ-ын Элчин сайд болон тус яамны Цэргийн атташе албанаас “Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал” сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах боломжийг судалж хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Уулзалтын төгсгөлд Завханы Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ