Суугаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 09:34:04

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд суугаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.    

2016 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй жил”- болгон зарласантай холбогдуулан Монголын суугаа волейболын холбоо, Архангай аймгийн ЗДТГ, биеийн тамир спортын газар, ХБИ-ийн спортын холбоо хамтран энэхүү тэмцээнийг Архангай аймагт анх удаа зохион байгууллаа.

Архангай, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул аймаг хийгээд Улаанбаатар хотоос баг тамирчид ирж, хүч чадал авхаалж самбаагаа сорьж нийслэл хотын Чингэлтэй дүүргийн баг тамирчид тэргүүн байрыг эзэллээ.

Анх зургаан хүний бүрэлдэхүүнтэй хичээллэж, цар хүрээгээ өргөжүүлсэн Монголын суугаа волейболын холбооны 25 жилийн ой ирэх есдүгээр сард болох аж.

Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны дарга Л.Аварзэд, “Тамирчид маань голдуу гар хөлийн тайралттай. Гэсэн хэдий ч энгийн иргэдээс дутахааргүй өрсөлдөж байгаа нь бахархалтай. Хамгийн гол нь ХБИ маань нийгэмшиж, эрүүл хүнээс ч илүү тэвчээр гарган энэ тэмцээнд оролцсон. Асар их сэтгэлийн тэнхээ, эр зориг гаргаж байгаа юм” –гэлээ.

Дандаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, хэрвээ бөгс өндийх л юм бол тэмцээнээс хасагддагаараа суугаа волейбол онцлог аж.

                 Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ