Хэрлэн сумын гуравдугаар багт “жишиг гудамж” байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-10-05 22:56:16

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэддээ хийсэн ажлаа тайлагнаж эхэллээ.

Төлөөлөгчийн өдөр”-ийн нээлтийн үеэр оролцсон иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. Өнгөрсөн 2016 онд тус аймгийн ИТХ-ын тогтоолоор “Төлөөлөгчийн өдөр”-ийг бий болгож, сар бүр энэхүү үйл ажллагааг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд 10 суманд “Төлөөлөгчийн өдөр”-ийг зохион байгуулжээ. Цаашид  бүх сум, аймгийн төвийн багууд дээр хийхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, Хэнтий аймгийн хамгийн олон хүн амтай баг болох 20 дугаар тойрог буюу Хэрлэн сумын гуравдугаар багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Г.Хэрлэнчулуун, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, ХААН банкны зээлийн эдийн засагч Д.Бат-Эрдэнэ нар энэ сарын 11-12-ны өдрүүдэд иргэдтэйгээ уулзах юм байна. Эдгээр төлөөлөгчид ирэх онд гуравдугаар багтаа “жишиг гудамж” байгуулах зорилтыг тавьжээ.  

ИТХ нь өөрөө төлөөллийн байгууллага учраас иргэдийнхээ гүүр нь болж ажилладаг. Тиймээс тэдний санал хүсэлтийг хүлээн авч тулгамдсан асуудлыг шийдвэрлэж эргээд иргэддээ хийсэн ажлаа тайлагнаж, эргэх холбоотой ажиллах үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Л.Батсайхан дарга ярив.

Цаашид Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчид хуваарь гаргаж, багууд дээрээ “Төлөөлөгчийн өдөр”-ийг зохион байгуулах юм байна. 

Холбоотой мэдээ