Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-08 15:06:05

ТОКИО. /Kyodo/. Японы эдийн засгийн онцгой бүсэд гарсан үйл явдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газар Пёньянд эсэргүүцлээ илэрхийлжээ. БНАСАУ-ын загас агнуурын усан онгоц Японы загас агнуурын хяналт шалгалтын хөлөг онгоцтой мөргөлдсөн хэрэг даваа гарагт гарсан юм.


“Холбогдох мэдэгдлийг дипломат сувгаар Бээжинд өгсөн” гэж Японы Ерөнхий сайд Абэ Шинзо парламентдаа мягмар гарагт мэдээлсэн байна.


“Умард Солонгосын усан онгоц манай улсын эдийн засгийн бүсэд хууль бусаар загасчилж, Японы загасчдад саад болж, аюул учруулж байна. Энэ бол ноцтой асуудал юм. Манай Засгийн газар иймэрхүү үйлдлийг таслан зогсоохын тулд шийдэмгий арга хэмжээ авахаар төлөвлөж байна” гэж тэрбээр хэлжээ.


Даваа гарагт Ното хойгоос /Ишикава муж/ 350 км зайтай газарт эдийн засгийн онцгой бүсэд БНАСАУ-ын загас агнуурын далбаат онгоц Японы загас агнуурын хяналт шалгалтын хөлөг онгоцтой мөргөлдсөн байна. Уг онгоц хууль бусаар кальмар буюу арваалж агнасан байж магадгүй гэж сэжиглэж байгаа аж. Умард Солонгосын усан онгоц 20 минутын дотор живсэн бөгөөд тавцан дээр нь 60 хүн байжээ. Хэргийн газар Японы эргийн хамгаалалтын газрынхан ирж, Умард Солонгосын далайчдыг бүгдийг нь аварсан байна. Тэднийг тухайн үед тэнд байсан Умард Солонгосын өөр усан онгоцонд шилжүүлэн өгсөн бөгөөд уг онгоц Японы бүсээс гарчээ.


Умард Солонгосын усан онгоцууд сүүлийн үед Японы эдийн засгийн онцгой бүсэд байнга орох орох болсон гэж тус улсын эрх баригчид мэдэгджээ. Японы загас агнуурын хяналт шалгалтын газрын мэдээллээр, 2018 онд тус улсын эдийн засгийн бүсэд хууль бусаар орсон 5000 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.


Холбоотой мэдээ