Шинэ цэцэрлэгт иргэд хандив өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-08 22:46:20

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын цэцэрлэгийн барилгын ажил дуусаж ашиглалтад хүлээн авахад бэлэн болж байгаа ажээ. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг 2018 оноос эхлүүлж мөн ондоо улсын төсвийн нэг тэрбум төгрөг, 2019 онд 460 сая төгрөг, нийт нэг тэрбум 460 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Бэр сүм” ХХК барьжээ.

Цэцэрлэгийн шинэ барилгыг ашиглалтад орохоос өмнө сумын цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн актлагдсан 75 хүүхдийн байранд дөрвөн бүлгээр 110 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ. Шинэ цэцэрлэг нь хүүхдийн эрүүл аюулгүй сурч хөгжих орчныг хангасан тохижилттой байх аж. Олон өрөө тасалгааг тохижуулах, зарим тохижилтын ажилд багагүй хөрөнгө санхүүгийн асуудал байгаа энэ үед хүүхдийн цэцэрлэгийн ахмад багш, эрхлэгч асан Ц.Түмэнбилэг хувиасаа 500 мянган төгрөгийг хандивлажээ. Мөн тус сумын Буурал багийн малчин М.Алдармөнх дөрвөн тооны малыг хандивлан өгч хүүхдийн ирээдүйн төлөө томоохон хөрөнгө оруулалтыг хийжээ. Шинэ цэцэрлэгтэй болж байгаатай холбогдуулан тус сумын иргэд, малчид багагүй хандив дэмжлэгийг өгч байгаа хэмээн цэцэрлэгийн захиргаа мэдээлэв.  

Цэцэрлэгийн хүүхдүүд цэвэршүүлсэн

ус хэрэглэж байгаа

Дөрвөлжин сум ‘’Хүүхдэд ээлтэй орон нутаг’’ хөтөлбөрийн хүрээнд 2018, 2019 оныг ‘’Хүүхэд залуусын хөгжлийг дэмжих жил’’ болгон зарлаж багагүй ажлыг амжуулсан байна.

Тухайлбал өнгөрсөн оны жилийн ажлын төлөвлөгөө болон сумын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу хүүхдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг цэвэршүүлсэн усаар хангах ажлыг хийжээ. Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн орчинд 880 мянган төгрөгийн өртөг бүхий 16 ширхэг ус цэвэршүүлэгчийг байрлуулжээ. Ингэснээр сургуулийн 10 бүлэг, цэцэрлэгийн дөрвөн бүлгийн нийт 351 хүүхэд сургууль дээрээ хүссэн үедээ халуун, хүйтэн, цэвэршүүлсэн усыг ундандаа хэрэглэдэг болжээ.

Уурхайн дэмжлэгээр цэцэрлэгийн хүүхдүүд

хөгжмийн хэрэгсэлтэй болжээ

Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй “Баян айраг эксплорэйшн” ХХК цэцэрлэгийн шинэ бүлэгт 2018, 2019 онд 30 сая төгрөгийн үнэ бүхий зөөлөн эдлэл, хөгжимт хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг бэлэглэжээ.

Түүнчлэн гадна, дотор талбайн биеийн тамирын хэрэглэгдэхүүн, тоглоом зэрэг нийт 55 нэр төрлийн бараа материалыг нийлүүлжээ. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн кабинетийг дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий газар зүйн хичээлийн хэрэглэгдэхүүнээр, сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд таван сая төгрөгийн проектор, дэлгэц, микрофон зэрэг иж бүрэн техник тоног төхөөрөмжийг тус тус өгчээ.

Холбоотой мэдээ