“Alibaba” электрон тамхины худалдааны талаарх шинэ арга хэмжээ танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-09 12:07:49

БЭЭЖИН. /Sputnik/. БНХАУ-ын цахим худалдааны “Alibaba” компани электрон тамхи болон электрон тамхины хэрэгслүүдийн АНУ дахь худалдааны талаарх шинэ арга хэмжээг танилцуулсан байна.


Энэ сарын 10-наас хэрэгжиж эхлэх уг арга хэмжээнд дурдсанаар, “Alibaba” компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн электрон тамхи болон үүний хэрэгслүүдийг Америкийн худалдан авагчдад харагдахгүй болгох ажээ.


АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр, электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй уушгины өвчний олон мянган тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 18 хүрсэн байна.


Тэдгээр өвчтөний 80 хувь нь электрон тамхи хэрэглэж байсан бөгөөд тэдний дийлэнхийг 35-аас доош насныхан эзэлж байгаа ажээ. Тус улсын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд электрон тамхины хэрэглээнээс үүдэлтэй өвчнүүдийг судлахаар мөрдөн шалгах ажиллагааг хэдийн эхлүүлсэн байна.


Америкийн жижиглэн худалдааны “Walmart” корпорац электрон тамхи худалдаалахгүй гэдгээ өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ