Японд очсон Майкл Вайсс, Н.Наранболд нар ярилцлага өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-09 12:08:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2022 оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ний урьдчилсан шатны "F" хэсэгт багтсан Япон - Монгол багуудын тоглолт маргааш буюу 10 дугаар сарын 10-ны 18:35 /Монголын цагаар/-аас Сайтама хотод болно.


Японд очоод байгаа Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс, шигшээ багийн довтлогч Н.Наранболд нар сэтгүүлчдэд ярилцлага өгсөн талаар МХБХ-оос мэдээллээ.


Майкл Вайсс /Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Герман/: "Би Японд хайртай. Учир нь би 2001-2004 оны хооронд Кёото Санга багийн туслах дасгалжуулагчаар ажилласан. Японы шигшээ багийн ахмад тоглогчид зодог тайлж, шинэ залуусаар цус сэлбэсэн. Энэ оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд тэд үзүүрлэсэн. Одоо түүнээсээ ч илүү сайжирсан биз ээ. Бүрэлдэхүүн өөрчлөгдсөн ч тэдний амжилт ойрын ирээдүйд тогтвортой байх нь мэдээж. Тэдний олон тоглогч Европын клубүүдэд тоглодог. Дотоодын лигийн чанар чансаа намайг байх үеийнхээс хамаагүй илүү болсон. Би тэднийг хүндэтгэж байна. Гэхдээ би залуустаа ямар нэг айж эмээх зүйлгүйгээр хамгийн сайнаа үзүүл гэж хэлсэн. Монголын баг энэ тоглолтод бэлэн. Япончуудыг олноороо ирж, тус тоглолтыг үзээсэй гэж хүсэж байна" хэмээн ярьжээ.


Харин Н.Наранболд /Монголын шигшээ багийн довтлогч, Атлетик 220/: "Миний хувьд Японд 2 дахь удаагаа ирж байна. Хоёр жилийн өмнө шигшээ багийнхаа хамт Окинавад хамтарсан бэлтгэл хийж байсан. Японы баг бол маш хүчтэй баг. Тэднийг мэдэхгүй хүн гэж үгүй. Ялангуяа Ёшидаг нэрлэмээр байна. Монгол тоглогчдын давуу тал бол биеийн хүч. Бид яг л нэг гэр бүл шиг, энэ тоглолтод бэлэн байгаа. Бид өрсөлдөөн үзүүлэхийг хүсэж байна" гэжээ.

Холбоотой мэдээ