Эквадорт эсэргүүцэгчид өөр 2 ордыг дайран эзэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-09 12:16:51

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Эквадорын төрийн өмчит “Petroamazonas” компани эсэргүүцэгчдийн дайран эзэлсэн нефтийн 2 орд газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.


Эквадорын Эрчим хүч, сэргээгдэхгүй нөөцийн яамны мэдээлснээр, Орельяна мужид байрладаг газрын тосны 44, 18 дугаар байгууламжуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна.


Газрын тосны 44 дүгээр байгууламжид 30 хүн нэвтрэн орж, 15 цооног дахь үйл ажиллагааг зогсоохыг “Petroamazonas” компанийн ажилтнуудаас шаарджээ. 18 дугаар байгууламжийг дайран эзлэхэд 60 орчим хүн оролцож, цахилгаан станц болон 30 цооногийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан байна.


“Одоогоор газрын тосны олборлолтын үеийн алдагдлын хэмжээ өдөрт 143 мянган торход хүрээд байгаагаас гадна ердийн нөхцөлд өдөрт 437 мянган торх газрын тос олборлодог “Petroamazonas” компанийн газрын тосны үйлдвэрлэл өдөрт 188 мянган торхоор буурах төлөвтэй байна” хэмээн Эрчим хүч, сэргээгдэхгүй нөөцийн яам цохон тэмдэглэжээ.  


Одоогоор төрийн өмчит компани нийт 5 ордын үйл ажиллагааг зогсоогоод байна. Өнгөрсөн даваа гарагт эсэргүүцэгчид Орельяна, Сукумбиос мужуудад байрлах 60,57, 61 дүгээр байгууламжууд руу дайран эзэлсэн юм.


Өнгөрсөн долоо хоногт Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено дизель түлш болон бензинд олгох татаасыг энэ сарын 3-наас эхлэн цуцлах захирамжид гарын үсэг зуржээ. Үүний дараа түлшний үнэ 120 хувиар өссөн байна. Үүний улмаас эсэргүүцэгчид зарим хотод эмх замбараагүй байдал үүсгэжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Морено онц байдал зарласан байна. 

Холбоотой мэдээ