"Гэмт хэргийн хор уршиг" эсээ бичлэгийн уралдаанд 35 сурагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “Гэмт хэргийн хор уршиг” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан болов.
Аймгийн
ГБХЗХГ, Хүүхэд хамгаалагч нар хамтран “Хууль дүрэм миний амьдралд” аян
хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд өсвөр
үеийнхэнд гэмт хэрэг, түүнээс
урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох,
тэдний саналыг сонсох зорилгоор энэхүү
уралдааныг зохион байгуулснаараа онцлогтой.
Уралдаанд нийт 35 сурагч материал ирүүлсэн байна. Үүнд, тэргүүн байрт Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургуулийн 11-а ангийн сурагч Х.Удвал, дэд байрт Цаст-Алтай цогцолбор сургуулийн 11-а ангийн сурагч Б.Анужин, гуравдугаар байрт тус сургуулийн 11-б ангийн сурагч Б.Цэцэнсанаа нар шалгарч, шагналаа гардан авав.
Тус уралдаанд оролцогчдын эсээ бичлэгт тусгасан шинэлэг санал, санаачилгыг хууль хяналтын байгууллага, иргэд олон нийтэд хүргэх, цаашлаад хүүхэд хамгаалал, гэмт хэргээс сэргийлэх үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх чиглэлд анхаарна гэж зохион байгуулагчид ярьж байлаа.

