Дэлхийн хүнсний өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-10 16:06:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн аравдугаар сарын 16-ыг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус өдрийг "Эрүүл хүнс – Зөв хооллолт" уриан дор тэмдэглэх юм. Үүнтэй холбоотой өнөөдөр НҮБ хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан эрүүл хүнс, зөв хооллолт, хүнсний аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагаа, Дэлхийн хүнсний өдрийн талаар танилцуулга хийлээ. Сургалтад ШУТИС, МУИС, АШУҮИС зэрэг сургуулийн 100 гаруй оюутан хамрагджээ.


НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал: Дэлхийн хүнсний өдөр буюу НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн өдрийг энэ жил 39 дэх удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ хүрээнд олон ажил зохион байгуулж буйн нэг нь хүнсний чиглэлээр суралцдаг оюутнуудад зориулсан өнөөдрийн лекц юм. Эрүүл хүнс зөв хооллолт, эрүүл хүнсний үйлдвэрлэлийн талаар мэдээллийг залуу үедээ хүргэх нь чухал ач холбогдолтой. Цаашид дунд сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд энэ төрлийн мэдээллийг тэдэнд ойлгомжтой байдлаар хүргэхийн зорьж байна" гэв.


Дэлхийн Хүнсний өдрийг энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ. Энэ үеэр эрдэм шинжилгээ, судалгаа болон эрүүл мэндийн байгууллага хүнсний аюулгүй байдал, шим тэжээлтэй хүнсийг сонгох, хэрэглэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх аж.




Холбоотой мэдээ