Охидууд анх удаа чуулж үзэл бодлоо хуваалцлаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-10-12 20:39:31

Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 11-ний өдөр Хан Хэнтий чуулгад "Охидоо хүндэтгэе" чуулганыг анх удаа зохион байгууллаа.


Чуулганд Хэнтий аймгийн төвийн ЕБС, Политехникийн коллеж, сумдын ЕБС-ийн 300 орчим охид нэгдэн оролцлоо. Энэ үеэр ГБХЗХГ, БСУГ, ЭМГ охидод цаг үеийн мэдээ мэдээллийг өгч аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун охиддоо хандан хүүхэд насныхаа нандин дурсамжаас хуваалцлаа.


Чуулганы хамгийн гол зорилго нь сум орон нутаг төдийгүй төвийн сургуулийн охидод тулгамдаж буй асуудлуудыг сонсох, шийдвэрлэх түвшинд уламжлах явдал байлаа. Охидын зүгээс 50 орчим саналыг илэрхийлсэн бөгөөд бичгээр 300 гаруй санал хураан авсан аж. Тэдгээр саналыг эрэмбэлэн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудалд тусган оруулахаар боллоо.


2012 онд НҮБ-аас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын Охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарлажээ. Эл өдөр охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг байна.

Холбоотой мэдээ