Аймгаас 250 хүүхдэд нүдний шил хийж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-14 13:45:10

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгаас харааны бэрхшээлтэй 250 хүүхдэд нүдний шилийг үнэ төлбөргүй хийж өглөө. 2018 онд зарласан “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын харааг тогтоох үзлэгийг хийсэн бөгөөд гурван сурагч тутмын нэг нь харааны бэрхшээлтэй болох нь тогтоогдсон юм.

“Харааны гажиг ихтэй хүүхдүүд олон байна. Өрөөсөн нүд нь юм харахгүй шахам байхад хүүхэд өөрөө ч хэлдэггүй, эцэг эх нь ч мэдэхгүй байх тохиолдол гарлаа. Нэн тэргүүнд нүдний шил зүүх шаардлагатай 400 гаруй хүүхэд байна. Шил авахуулъя гэхээр эцэг, эх нь боломжгүй юм гэж БОЭТ-ийн эмч нар санал тавьсны дагуу 250 хүүхдэд нүдний шилийг нь үнэ төлбөргүй хийж өглөө” хэмээн аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэв. Эдгээр хүүхдүүдийн харааг нарийвчилсан үзлэгээр тогтоож, хүүхэд тус бүрт нүдний шилний загварыг нь тааруулж өгчээ.

Сүүлийн 3 жилийн хугацаанд 14 мянган хүүхдийн нүдний харааг шалгаад байгаа ба 1600 орчим хүүхэд нүдний шил зүүх шаардлагатай байгаа юм. Үүнээс 500 гаруй хүүхэд нүдний шилээ авч зүүсэн бол үлдсэн мянга гаруй хүүхэд шил авах боломжгүй хэмээжээ.  

Холбоотой мэдээ