Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагоныг тогтмол явуулж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-10-14 15:57:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХХН-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээний вагоныг даваа гараг бүр Эрдэнэтийн чиглэлд тогтмол аялуулж эхэллээ.

Мөн 7 хоног бүрийн лхагва, бямба гарагт Дархан, пүрэв гарагт Замын-Үүдийн чиглэлд аялуулж байна. Тодруулбал, Эрдэнэтийн чиглэлийн вагон Улаанбаатараас 20.35 цагт хөдөлж Эрдэнэтэд 07.45-д очих юм.




Дарханы чиглэлийнх Улаанбаатараас 17.45 цагт хөдлөөд Дарханд 00.20 ирнэ. Буцахдаа Дарханаас 05.30-д хөдлөөд Улаанбаатарт 12.10 цагт ирнэ. Замын-Үүдийн чиглэлийнх Улаанбаатараас 17.15-д хөдлөөд Замын-Үүдэд 07.20-д очиж, буцахдаа 18.05 цагаас хөдөлж Улаанбаатар хотод 08.45 цагт ирнэ.

УБТЗ нийгэмлэг нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тоноглосон тусгай үйлчилгээний вагоныг 2016 онд ашиглалтад оруулж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн юм.


Тодруулбал, Зам, тээврийн сайдын тушаалаар Улаанбаатар дахь вагон депогийн инженер, техникийн ажилтнууд хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай вагон тоноглож анх Улаанбаатар-Чойр-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд залган туршилтаар явуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос тэргэнцэртэй  дөрвөн иргэнийг анх туршилтын аялалд оролцуулсан юм. Одоо харин ийнхүү үйлчлүүлэгчдийн хүсэлтээр дээрх вагоны аяллыг тогтмолжуулж эхэллээ. 

Холбоотой мэдээ