ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 59.7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-16 17:35:01

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Энэ онд Мөрөн суманд улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 59.7 тэрбум төгрөгийн дэд бүтэц, авто замын бүтээн байгуулалтын ажлууд хийж байна.


Тодруулбал, шинэ суурьшлын бүсийн авто замын ажил 85 хувьтай, 10, 14 дүгээр багийн босоо тэнхлэгийн авто замын ажил  70 хувьтай, авто замын богино холбоосны ажил  65 хувьтай, аюулгүйн тойргоос зах хүртэлх авто замын шинэчлэлийн ажлыг 10 дугаар сарын 15-ны дотор бүрэн дуусахаар ажиллаж байна.


Бүтээн байгуулалтын ажлын явц, чанарт хяналт тавих, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор  аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар гүйцэтгэгч байгууллагуудын инженер техникийн ажилтнууд болон холбогдох төрийн байгууллагын ажилтнуудтай уулзлаа.


Энэ үеэр Баткомплект ХХК-ийн гүйцэтгэж буй Ус дулаан дамжуулах төв  хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох ажлыг шуурхайлах, хяналтыг сайжруулах, мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зах орчмын аж ахуй нэгжүүдийг төвлөрсөн дулаанд холбох ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.

 

 

Холбоотой мэдээ