Ховд их сургуулийн 40 оюутанд тэтгэлэг олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-15 22:17:50

Ховд /МОНЦАМЭ/. "Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу  Ховд их сургуулийн 40 оюутан тус бүрт 400 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачилгаар Ховд их сургуулийн бакалаврын хөтөлбөрийн I-IV ангийн оюутнуудын дунд "Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт оролцох оюутны материалыг аравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн авсан. Нийт 80 оюутан материал ирүүлснээс шалгуур үзүүлэлт хангасан 40 оюутныг өдгөө сонгон шалгаруулж, тус бүрт 400 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтыг Ховд их сургууль дээр тусгай ажлын хэсэг зохион байгуулжээ. Улмаар сурлагын дүн, амжилт, нийгмийн сайн дурын ажилд хандах хандлага, идэвх оролцоо, эсээ бичлэг зэргийг харгалзан үзэж оюутнуудыг сонгон шалгаруулсан гэж албаны эх сурвалж хэллээ. 

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудад  зориулсан  уулзалт  энэ сарын 15-ны өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд боллоо.

Уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн ажлын албанаас "Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтын явц, үр дүн, тэтгэлэг олгох зарчмын талаар мэдээлэл хийж, оюутнуудын  санал бодлыг сонслоо.

Мөн оюутнууд “Ховд аймгийн хөгжилд миний оролцоо” сэдвийн хүрээнд эсээ бичсэн бөгөөд түүнийгээ бусаддаа нээлттэй танилцуулав. 

Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутны батламжийг ирэх 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулан өгөхөөр төлөвлөж байна.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь оюутны сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэх, цаашлаад суралцах хүсэл, идэвх оролцоог дэмжих давуу талтай гэж албаныхан мэдээллээ.

Мөн "Шилдэг суралцагч" тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлэх юм. 


 

Холбоотой мэдээ