Шим тэжээлээр тогтвортой хангаж чадах хоол хүнс үйлдвэрлэх хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-16 17:16:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдрийг энэ жил "Бидний үйлдэл-бидний ирээдүй:Эрүүл хүнс-зөв хооллолт" уриан дор тэмдэглэж байна. 

Монгол орны хувьд, хүн амыг эрүүл хүнсээр хангаж, шим тэжээлийн дутагдлыг багасгаж байна. Үүний үр дүнд хүн амтай харьцуулахад өсөлт хоцорсон болон туранхай, тураалтай хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурчээ. 

Тодруулбал, хүүхдийн өсөлт хоцролт болон тураалыг бууруулах зорилгод хүрч байгаа бүс нутгийн цөөхөн улсын нэгд манай улс орж байна. Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад, үүний жилийн дундаж үзүүлэлтээр Монгол Улс хамгийн сайн байж, хурц хэлбэрийн тураалтай  хүүхдийн үзүүлэлт 0.5 хувиас бага байгааг НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа Дэлхийн хүнсний өдөрт зориулсан нийтлэлдээ дурджээ. Тэрээр“НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргасан сүүлийн тооцоогоор 400 мянган хүн эрүүл чийрэг, идэвхтэй амьдрахад хэрэгцээтэй илчлэг бүхий хоол хүнсээр бүрэн хангагдаж чадахгүй байна. Нөгөө талаас, хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд таргалалт нэмэгдсээр байна. 2006 онд 7 хувь байсан хүүхдийн таргалалт 2016 онд 12 хувь, 2012 онд 16 хувь байсан насанд хүрэгчдийн таргалалт 2016 онд 20 хувь,  нөхөн үржихүйн 15-49 насны эмэгтэйчүүдийн дунд цус багадалтын тархалт 2012 онд 16.3 хувь байсан бол 2016 онд 19.5 хувь хүртэл өссөн байна" хэмээн дурджээ.

Хөдөө орон нутаг болон жижиг сууринтай харьцуулахад, нийслэлд хүнсний баталгаат байдал алдагдах эрсдэл их байна. Хүмүүс орлогын арай их их үүсвэр, ажлын байр эрэлхийлж хөдөө орон нутгаас хот суурин газар руу шилжин суурьшиж байна. Гэвч тэд улирлын чанартай, албан бус ажил эрхэлж, хүнсний хэрэгцээгээ зах дээрээс хангаж байгаагаар зах зээлийн цочролд өртдөг эмзэг давхаргын хүрээг тэлж байна. Энэ байдал нь Монгол Улсын хувьд өлсгөлөн, хоол хүнсний шим тэжээл дутагдлыг үүсгэж буйг илтгэж байна.  

2016 оны судалгаагаар хоол хүнсний хүчин зүйлээс улбаатай зүрх судасны өвчлөлөөр нас барсан хүний тоогоор  Монгол Улс насны ангилалд хуваагдах хэмжээгээр дэлхийд хоёрт орж байна. Энэ нь монголчууд амьдралын хэв маяг, нүүдлийн уламжлалын дагуу малын гаралтай хүнс их хэрэглэдэг, ХАА-н салбарын сул хөгжлөөс үүдэлтэйг өгүүлж байна. Дэлхийн хүнсний зах зээлийн  эрчимтэй өсөлт, хот суурин газрын хөдөлгөөн багатай амьдралын хэв маягийн нөлөөгөөр зохист хэмжээ улам их алдагдаж байна.

Одоогоор Монгол Улсын хүн амын 70 хувь нь хот суурин газарт суурьшиж байна. 2050 он гэхэд 85 хувь нь хотод суурьшихаар тооцоолжээ. Хотжилт эрчимтэй явагдаж, хүмүүсийн орлого нэмэгдэж байгаа нь нийгэм, эдийн засагт өөрчлөлт гарч буйн тод илрэл юм. 

Гол дүгнэлтээр манай улсад шим тэжээлээр тогтвортой хангаж чадах хоол хүнс үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага байна. Энэ нь хүмүүсийг аюулгүй, шим тэжээлтэй, боломжийн өртөгтэй хоол хүнсээр хангах хүнсний тогтолцоонд  хөрөнгө оруулах; газар, ус болон бэлчээрийн чанарыг хадгалж, дээшлүүлэх, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, биологийн төрөл зүйлийн хомсдлыг зогсоох хэрэгтэй гэсэн үг аж. Эрүүл хоол хүнсээр хангахад олон нэр төрлийн хүнс үйлдвэрлэх болон байгаль орчныг хамгаалах явдал зэрэгцэн тавигдаж байна. 

Үүний зэрэгцээ, Засгийн газар, фермер эрхлэгч, малчид, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд тус бүрийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Засгийн газраас шим тэжээлт хоол хүнсэнд тэргүүлэх чиглэлээ хандуулж буй хөтөлбөр болон бодлогын хэрэгжилтэд хөрөнгө оруулах замаар тогтвортой хүнсний тогтолцоог бий болгоход анхаарах хэрэгтэй байна гэж илтгэлд дурджээ.

Засгийн газраас шим тэжээлтэй хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэл болгосон бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэн хүнсний тогтолцоог тогтвортой хөгжүүлэхэд хөрөнгө оруулах хэрэгтэй байгааг мөн өгүүлжээ. Хүнсний үйлдвэрүүд  бүтээгдэхүүний шим тэжээлт чанарыг сайжруулах шинэлэг санаачилгыг нэвтрүүлэх нь зүйтэй. Фермер эрхлэгчид болон малчид нь шим тэжээлт, төрөл зүйлээр баялаг хүнсийг үйлдвэрлэхэд анхаарах зэрэг хөгжлийн бодлоготой холбоотойгоор 2030 он хүртэлх олон талт зорилго, өлсгөлөнгүй дэлхийг бодитоор бий болгоход хүн бүрийн үүрэг оролцоо хэрэгтэй байна.

Хүн төрөлхтөн өлсгөлөн болон хүн амын хүнсний шим тэжээлийн дутагдалд анхаарлаа хандуулах нь хүнсний тогтолцоог бүхэлд нь хамарсан өөрчлөлтийг шаардана. Энэхүү өөрчлөлтийг яг одоо эхлэх хэрэгтэй байна. Хүн бүрт боломж олгохын зэрэгцээ байгаль орчноо хамгаалж тогтвортой бус байдлыг өөрчилж чадах шийдлүүд нь бидний гарт байгааг дуулгахад таатай байна. Эдгээр шийдлийг тодорхой түвшинд яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй” хэмээн НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа илтгэлдээ онцолж байна. 

Холбоотой мэдээ