“Агтана хүрээт-2” фестивальд бүсийн аймгийн адуучид урилгаар оролцоно

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-17 15:09:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Агтана хүрээт-2” хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын фестиваль ирэх сарын  16,17-ны өдөр Дарьганга сумын Шилийн богд хайрханы энгэрт болно. Энэ жилийн фестиваль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд бүсийн аймгуудын адуучид урилгаар оролцохоороо онцлог аж.

Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатаас тодруулахад, Фестивалийн бэлтгэл ажил хангагдаж байна. Өнгөрсөн жил анхдугаар фестивалиа хийсэн болохоор энэ жил нэлээн өргөжих төлөвтэй байна. Тиймээс жуулчны баазуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага гарсан учир урд талын сумдын ЗДТГ-тай хамтран гэр бааз байгуулахааар төлөвлөсөн. Мөн энэ жилийн наадам хоёр өдөр үргэлжлэхээрээ онцлог. Эхний өдөр соёл урлагийн үйл ажиллагаа, бусад уралдаан тэмцээнүүд болох бол хоёр дахь өдөр дан адуун соёлоо харуулсан тэмцээн уралдаанууд болох юм.

Мөн энэ жилээс бүсийн чанартай болгож, Хэнтий Дорнод аймгаас тус бүр гурван адуучинг урилгаар оролцуулахаар шийдвэрлэсэн.  Анхдугаар фестивальд АНУ, БНХАУ-ын Өвөрмонголын аймаг хотуудаас жуулчид их ирж оролцсон. Тэдний хувьд харьцангуй дулаан орны хүмүүс учир хүйтэнд байр савны тав тух муу, мөн ариун цэврийн байгууламжийн асуудал маш хүнд байгааг уламжилсан. Энэ бүх асуудлыг шийдвэрлэх юм бол илүү олон жуулчинг энэ үйл ажиллагаа татах боломжтой.   

Бид энэхүү фестивалиа цаашид уламжлал болгон явуулахаас гадна улсын хэжмээний томоохон ажил болгохыг зорьж байгаа. Тиймээс нэн тэргүүнд жуулчны баазаа өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлага бий болж байгаа юм. Энэ нь дан ганц фестиваль гэхгүй цаашид Сүхбаатар аймагт өвлийн болоод хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нөлөөлөх маш том хүчин зүйл болох юм. Тиймээс энэ талаар бид төр засгийн бодлогын хүрээнд, ААНБ-ын хүрээнд ч хэлэлцэн судалж байна.

“Агтана хүрээт” фестивалийг аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар эхлүүлсэн бөгөөд тус үйл ажиллагаанд зориулан энэ оны төсөвт 50 сая төгрөг төсөвлөсөн хэмээн ярилаа.  

Холбоотой мэдээ