Их даацын тээврийн хэрэгслүүд хатуу хучилттай замыг эвдэх эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-17 17:22:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн үед их даацын тээврийн хэрэгслүүд олширч, өөрийн даацаас илүү ачаа ачиж байгаа нь хатуу хучилттай замыг эвдэх эрсдэл учруулж буйг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээллээ.

Тус аймгийн хувьд 2019 онд Ховд аймагтай, цаашлаад Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. Гэхдээ дэд бүтцийн хөгжлийг дагаж ачаа тээвэрлэх 5-6 тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн тоо өсөж байна.

“Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм” болон “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” Монгол Улсын стандартад хатуу хучилттай замаар нэг тэнхлэг дээр ногдох ачаалал 11,5 тн, зургаан голтой авто тээврийн хэрэгсэлд 44 тн-оос тус тус хэтрүүлэхгүй байхаар заажээ. Хэрвээ тогтоосон хэмжээнээс илүү ачаа ачиж тээвэрлэлт хийснээс авто замыг эвдсэн, гэмтээсэн тохиолдолд хохирлыг зөрчил гаргасан жолооч бүрэн хариуцахаар журамласан байдаг аж.

Тийм учраас 2020 оны наймдугаар сар хүртэл Өлгий-Ховд чиглэлийн зам дагуу тээврийн хэрэгслийн ачааг хэмжих төхөөрөмж байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд  ч холбогдох хууль журам, стандартад заасан шаардлагыг хатуу чанд баримтлан тээвэрлэлт хийхийг анхааруулж байна.

Холбоотой мэдээ