Насан туршийн боловсролын төвийн багш нар бүсчилсэн сургалтад хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Насан туршийн боловсролын төвийн багш нарт зориулсан бүсчилсэн сургалт Ховд аймагт болж байна.
БСШУСЯ-ны
харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, нийслэлийн 63 дугаар тусгай
сургууль хамтран зохион байгуулж буй “Тэгш хамруулан сургах
боловсрол” сэдэвт холимог бүлгийн багш нарыг чадваржуулах бүсчилсэн сургалт энэ сарын 17-ны өдөр эхлэв.
Сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн Насан
туршийн боловсролын төвийн
багш нарын төлөөлөл 70 орчим хүн оролцож байна.
Энэхүү
сургалтын үйл ажиллагаа боловсролд тэгш хамруулах зарчмыг түгээн дэлгэрүүлэх, тусгай
хэрэгцээт хүүхэдтэй ажилладаг багш нарыг хөгжүүлэх, мэргэжил арга зүйгээр
дэмжихэд чиглэж буй.
Сургалтын
чиглүүлэгчээр Насан туршийн боловсролын үндэсний төвийн мэргэжилтэн Б.Батсүрэн
тэргүүтэй холбогдох албаны хүмүүс ажиллаж байна. Тэд насан туршдаа суралцахуйн
чиг хандлага, тусгай боловсролын үйлчилгээ, түүний эрх зүйн орчны талаар мэдээлэл хийлээ.
Түүнчлэн
дүйцсэн ба хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрөөр
дамжуулан хүүхэд хөгжүүлэх
үйл ажиллагаа, түүнд эцэг
эх, олон нийт, бусад байгууллагын оролцоог нэмэгдүүлэх
чиглэлээр бүлгийн дадлага
ажил хийж, харилцан туршлага солилцож байна.
Энэхүү сургалт аравдугаар
сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Ховд аймгийн
Насан туршийн боловсролын төв нь иргэдийг боловсролын үйлчилгээнд
тэгш хамруулах, дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг хөгжүүлэх, богино хугацаанд
суралцагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор 2013 онд байгуулагдсан.
Энэ жил аймгийн хэмжээнд 800 гаруй иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлж
байна.
