Тусгаар тогтнолын багана 74 жилийн түүхтэй

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2019-10-20 22:02:27
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хонгор нутгийн ард олон Тусгаар тогтнолын багана бүхий төв талбайгаа Баганат талбай хэмээн нэрлэдэг.
1945 оны 10 дугаар сард БНМАУ-ын Төрийн тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний гарын үсэг зурахад зориулсан хурал цуглаан аймгийн төв хөдөөд 200 гаруй удаа болжээ. Мөн оны энэ өдөр /1945.10.20/ улс орныхоо “Төрийн тусгаар тогтнолын төлөө” аймгийн насанд хүрсэн бүх иргэн /24114/ оролцож, гарын үсгээ зурсан байна. Тэр жилээ Баянхонгор аймаг Төрийн тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн модон баганыг аймгийн төвд босгосон аж.
Ийнхүү Тусгаар тогтнолын гэж олноо нэрлэгдсэн баганаа 1974 онд улс тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн аймгийн намын хороо, захиргааны өмнөх талбайд бүтээжээ. Энэхүү сүрлэг сайхан баганы зургийг архитектор инженер н.Дашигдорж хийж, уран барималч Д.Найдан бүтээсэн байна.
Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөний бэлгэдэл хэмээн дээдэлдэг тус баганыг 2014 онд их засварт оруулж, “Ахмадын цэцэрлэгт хүрээлэн”, төв талбайн хучилт, гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийж гүйцэтгэжээ. Өргөтгөл, засварын ажлын хүрээнд цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийн ажлыг ч нэг мөр шийдсэн байна. Мөн энэ онд баганыг нэмж засварлан өнгө үзэмжийг сайжруулаад байна.
Сонирхуулахад, 1945 оны намар Тусгаар тогтнолын төлөөх нийтийн санал асуулга явуулан Монголын ард түмэн өөрийн тусгаар тогтнолын төлөө бүх нийтээрээ саналаа өгснийг бататган тэмдэглэхээр Улаанбаатар, Баянхонгор, Улиастай зэрэг газруудад Тусгаар тогтнолын баганан хөшөө босгосон түүхтэй. Харин Улаанбаатар дахь баганыг 1961 онд сэргээн засварлахдаа “Ардын хувьсгалын 40 жилийн нэрэмжит” хэмээн тушаал зарлигаар өөрчлөн нэрлэсэн бөгөөд өдгөө тус багана Төв цэнгэлдэхийн хойно байдаг байна.
Холбоотой мэдээ