Ж.Батхүүгийн ажил амьдралаас сэдэвлэн зохиолч Д.Мягмар "Газар бид хоёр" туужаа бичжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-10-22 09:47:26

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Зохиолч Д.Мягмар 1966 онд "Газар бид хоёр" туужаа бичихдээ тариаланч Ж.Батхүүгийн ажил амьдралыг харуулан бичсэн гэдэг. Мөн радиогийн “Бүдүүн дуут” хэмээн алдаршсан, Монголын ард түмний хүндэлдэг сэтгүүлч Б.Цэдэндамба агсан түүний ажил хөдөлмөрийн амжилтыг алдаршуулан хоёр ч удаа хөрөг нэвтрүүлэг хийж, радиогийн алтан фондод үлдээсэн байдаг байна.  

Улсын гурван удаагийн аварга Ж.Батхүү тариаланч бурхны орноо одоод олон жил болж буй ч түүний бүтээсэн бүтээл, алдар нэр мөнхөд үлджээ. Намар намрын шар тал түүнийг дурсан санагалзах нь дамжиггүй юм. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Ж.Батхүү нь 1958 онд Шаамарын сургууль комбинатыг төгсөж, Цагаантолгойн САА-д механикжуулагчаар ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр 1972 он хүртэл 13 жил ажиллахдаа САА-н аварга тракторчнаар таван удаа шалгарч байжээ. Тухайн үед 1976 онд атрын хоёр дахь аяныг зарлан Орхонтуулд атрын шинэ САА байгуулжээ. Шинэ САА-д дадлага туршлагатай тэргүүний механикжуулагчид шаардлагатай байсан учир ийн Ж.Батхүүг Орхонтуулын САА-д илгээлт өгч томилон ажиллуулсан байна. Тэрээр ажиллаж байхдаа 1974, 1976, 1978 онд БНМАУ-ын Ургацын аварга механикжуулагчаар гурвантаа шалгарчээ.   

Газар тариалангийн үйлдвэрлэлд сэтгэл зүтгэл гарган 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар хоёр удаа, МХЗЭ-ийн Төв Хорооны “Тэргүүний тариаланч залуу” алтан медаль, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, Атрын 30, 40 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнажээ.

Мөн “Газрын энгээр давалгаалан байх алтан шаргал тариан дунд хөвөх аварга комбайнаараа намар намрын шаргал талд симфони мэт агуу сайхан аялгууг тарианы чимээгээр эгшиглүүлж, залуу насны хөдөлмөр зүтгэлээ шингээсэн тэр л талдаа шингэж оршсон агуу тариаланч бол Ж.Батхүү юм” хэмээн зохиолч, сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт, яуу найрагч Товуугийн Доржсүрэн нэгэнтээ уулга алдан түүний тухай дурссан байдаг.

Атрын анхдугаар аян эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгаас нийт 346 улсын аварга тариаланч, улсын аварга ногоочин, улсын аварга хадланч, уран хагалгааны улсын аварга цолтон төрөн гарсан байдаг байна. Энэ олон аваргыг улсын 10 удаагийн аварга болсон амжилтаараа БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Ж.Алтангэрэл, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Х.Цайван нар тэргүүлдэг аж. Харин эл хоёр баатрын дараа улсын найман удаагийн аварга болсон амжилтаар хөдөлмөрийн баатар н.Самбуу, долоон удаагийн аварга болсон амжилтаар хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн нарын алдартнууд түрэн гарчээ. Энэ удаа БНМАУ-ын ургацын гурван удаагийн аварга Ж.Батхүүгийн ажил амьдралын нэгээхэн хэсгээс цухас өгүүллээ. 

Холбоотой мэдээ