Нэг мянган га талбайг ойжуулахаар зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 15:42:52

Монгол Улс, БНСУ-ын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Өмнөговь аймагт нэг мянган га талбайг ойжуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил сүүлийн 50 га талбайг ойжуулах ажлаа хийж байна.

Монгол Улс, БНСУ-ын улс хоёрын Засгийн газар хоорондын гэрээгээр Солонгос улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай тус төсөл жилд 50 га ойжуулан ажилласан ажээ. Энд говийн мод болон бутыг тарьсан бөгөөд чацарганы бутыг ч мөн олноор тарьсан байна. Энэхүү төсөл нь Өмнөговь аймгийн Даланзадгад, Булган сумдад хэрэгжиж байгаа юм. Булган сумын Дал багийн нутагт загийн ой үүсгээд байгаа гэнэ. Мөн танин мэдэхүйн талбайдаа боролзгоно, үхрийн нүд, улаалзгана зэрэг хангайд ургадаг 30-аад төрөл зүйлийн мод тариалж байна. Говийн хөрсөнд ургадаггүй ургамал, бут сөөг гэж байдаггүй гэж тус төслийн багийнхан хэлж байгаа юм. “Нийт тариалж байгаа мод 90-ээс дээш хувийн амьдралтай байгаа. Мод үржүүлгийн газартаа 20 гаруй хүн, шинэ 50 га-д мөн 20 хүн ажиллаж байна. Арчилгааны талбайдаа нөхөн тариалалт хийж байгаа. Энд бас 20 хүн ажиллаж байна” гэж тус төслийн Даланзадгад дахь салбарын менежер н.Мөнхцэцэг ярилаа.

Говьд мод үржүүлэх ажилд БНСУ-ын мэргэжилтнүүд туслалцаа үзүүлдэг бөгөөд Монгол ажилчдаа тус улсад явуулж туршлага судлуулдаг байна. Мөн Монголд байхгүй хүн орхоодойн нэгэн төрөл зүйл туражиг ургуулж байгаа гэнэ.

2007 оноос хойш хэрэгжиж буй уг төслийн хүрээнд нийтдээ нэг мянган га талбайг ойжуулахаар зорьсан ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ