ӨМНӨГОВЬ: Монголын говьд усан үзэм ургуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-28 08:45:04

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын говийн хуурай, эрс тэс уур амьсгалтай бүс нутагт усан үзэм болон бусад жимс жимсгэнийг тариалж байна.

 

Усан үзмийг говьд төдийгүй Монгол Улсад тариалах нь ховор. Тэгвэл Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк”-т ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн Болдсайханы Тэгшжаргал, Эрдэнэбилэгийн Эрхбаяр нар тариалжээ.

 

Тэд 2022 онд “Осика Монголиа” ТББ-аар дамжуулан Япон улсад 1.5 жил мэргэжил дээшлүүлээд ирэхдээ усан үзмийн модны суулгацыг Монголд авчирч, 2023 оны тавдугаар сард хүлэмжид шилжүүлэн суулгасан байна.

 

Уйгагүй арчилж ургуулсны үр дүнд хоёр жилийн дараа буюу 2025 оны зун гурван багц усан үзмийг амталгааны хэмжээгээр хураан авсан бөгөөд хүлэмжид нэгээс хоёр хүртэлх насны 23 суулгац нэмж үрслүүлжээ.

 


Усан үзэм тариална гэдэг хэцүү, урт хугацаа, тэсвэр тэвчээр, уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн арчилгаа шаарддаг хэмээн агрономич Б.Тэгшжаргал онцлон ярилаа.

 

Тэрбээр Япон улсад сурах хугацаандаа усан үзэм тариалах арга ухаан, эко бордооны чиглэлээр илүү гүнзгийрүүлэн суралцаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүлэмжийн агропаркт 2023 оноос агрономич мэргэжлээрээ ажиллаж байна.

 

БНСУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулсан “Хүлэмжийн цогцолбор аж ахуйн парк” нь орон нутгийн сум дундын ойн 50 га талбайг эзэлдэг. Үүнээс 1.2 га талбайд хүлэмж байгуулан тариалалт хийж, усан үзэм, гүзээлзгэнэ болон бусад нарийн ногоо тариалаад байна.


Говийн бүс нутаг цаг уурын хувьд хавар эрт дулаарч, намар аажуу хүйтэрдэг нь жимс жимсгэнэ тариалах таатай орчин болжээ


 

Хүлэмж цогцолбор аж ахуйн паркийн агрономич Б.Тэгшжаргал, “Би Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат. ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөөд Япон улсад мэргэжил дээшлүүлж ирээд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хүлэмжийн агропаркт 2023 оны дөрөвдүгээр сараас усан үзэм болон жүрж, гүзээлзгэнэ туршилтаар тариалж эхэлсэн. Тухайн туршилт амжилттай болж бид улам өргөжүүлээд усан үзмийн модоо захиалаад тариалалтаа үргэлжлүүлж байна. Манай энэ хүлэмжид олон төрлийн жимс ногоо тариалж байгаа. Ер нь бүх төрлийн хүнсний нарийн ногоо тариалж байгаа гэж ойлгож болно. Тухайлбал, япон сортын гүзээлзгэнэ, усан үзэм, жүрж, алим, чавга, чацаргана, интоор зэрэг жимс тариалж байна. Харин хүнсний нарийн ногоо гэхээр чинжүү, амтат гуа, өргөст хэмх, улаан лооль, тарвас, манжин, лууван тариалж байна” хэмээн ярив.

 

Түүнчлэн яагаад говь нутгийг сонгож туршилтын ажлаа эхлүүлсэн тухай болон говийн бүсийн цаг агаарын эрс тэс хуурай уур амьсгалын талаар ч санаа бодлоо хуваалцав.

 

Зарим хүмүүс говьд жимс жимсгэнэ ургахгүй гэж боддог. Үнэндээ эсрэгээрээ юм. Би оюутан байхдаа энэ хүлэмжийн цогцолборт ирж дадлага хийдэг байсан. Тиймээс анх усам үзэм тариалах саналаа холбогдох албаны хүмүүстэй ярилцаад, энд усан үзэм тарих боломжтой гэсэн учраас ирсэн. Манай агропаркт 6-7 жил ажилласан, “Осика Монголиа" ТББ-аар Япон улсад суралцаад ирсэн Дашнямын Загдрагчаа гэж агрономич ах бий. Тэр ах бидэнд зөвлөгөө өгч маш их тусалдаг. Мэдээж говийн нөхцөлд хүнсний нарийн ногоо, ялангуяа жимс жимсгэнэ тариална гэдэг амаргүй.


Гэхдээ хамгийн чухал нь говь нутгийн хөрс маш чанартай, шаварлаг учир ургалт удаан боловч амт чанар илүү боловсордог. Мөн гүний усаар тогтмол услах боломжтой нь давуу тал их юм. Говийн бүс нутаг цаг уурын хувьд бусад аймагтай харьцуулахад хавар эрт дулаарч, намар аажуу хүйтэрдэг. Тиймээс говь нутаг жимс жимсгэнэ тариалах таатай орчинтой гэж үздэг. Бид гурван жилийн туршилтаараа энэ бүс нутагт бүх төрлийн жимс жимсгэнэ тариалах бүрэн боломжтой гэдгийг мэдэж авсан. Иймээс жүрж болон гүзээлзгэнэ зэрэг жимсийг нэмэгдүүлэн тариалалтаа эрчимжүүлж байна” хэмээн тэрбээр ярив.

 

Усан үзмийн модыг эхний гурван жилд жимслүүлэхгүй, зөвхөн модны ургалт, хүчийг нэмэгдүүлэх ёстой байдаг ажээ. Ингэснээр хожим амт чанар сайтай арвин ургац авах хөрс суурь нь бүрддэг байна. Ийнхүү зөв технологиор, таатай нөхцөл бүрдүүлэн тарьж чадвал усан үзмийн нэг модноос 150 кг хүртэл жимс хураах боломжтойг Б.Тэгшбаяр онцоллоо.

 

Агрономич Б.Тэгшжаргал, Э.Эрхбаяр нарын 2023 оны хавар туршилтаа эхлүүлсэн анхны үрсэлгээ Хокайдо нутгийнх бөгөөд Японы Хокайдо муж нь Монгол Улстай төстэй цаг агаартай. Өвөл нь эрс хүйтэрч цас их ордог. Тухайн бүс нутагт тариалсан усан үзэм, усан үзмээр хийсэн дарс нь улсдаа хамгийн алдартай.

 

Монголын говийн цаг агаар өглөө, өдөртөө дулаан шөнөдөө харьцангуй сэрүүсдэг зэрэг агаарын хэмийн өөрчлөлтийн нөлөө, гүний ус зэргээс шалтгаалан тариалсан жимс жимсгэнэ нь мөн адил амттай ургадаг ажээ.

 

Гэхдээ говь нутагт хавар шороо их шуурдаг тул жимсний модоо цэцэглэх үед нь хамгаалалтаа сайн хийж чадвал эрсдэл тун бага болдог гэнэ. Мөн нэг болон хоёр настайгаас нь эхлээд тандалт сайн хийх хэрэгтэй бөгөөд тандалт арчилгаагаа хийхгүй ургуулаад байвал эхний нэг жилдээ ургац сайн хураасан ч дараагийн жилдээ ургац хураахгүй ч юм уу, ургацын амт чанар нь муудах эрсдэлтэйг агроноимч Б.Тэгшжаргал ярилаа.  

 

Харин Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлын албаны дарга Оюунтуяагийн Мөнгөнчимэг хэлэхдээ, говьд жимс жимсгэнэ тариалах гэж байгаа бол нэн тэргүүнд 3-4 жилийн өмнө хамгаалалтын ойн зурвасыг байгуулах нь чухал. Тухайн ойн зурвасыг 2-3 метрийн өндөртэй болсон үед жимсний модоо тариалах юм бол элсний нүүдлээс хамгаалахаас гадна нөөлөг салхинаас жимсний модоо хамгаалж чадна гэсэн юм.

 


НҮБ-ын Хүүхдийн сангийн YES4GREEN хөтөлбөрийн ялагч Б.Тэгшжаргал хүлэмжийн цогцолбортоо усан үзэм, гүзээлзгэнэ, жүрж зэрэг жимс тариалахаас гадна орон нутгийн тариалалт хийх сонирхолтой иргэдэд сургалт зохион байгуулж үрсэлгээгээ борлуулахаар төлөвлөжээ.

 

Ийнхүү Японд улсад суралцаж, туршлага судалсан залуус Монголын говийн шимт хөрсөнд усан үзэм болон бусад жимс жимсгэнийг тариалж байна. 


Агрономич залуусын ирээдүйн төлөвлөгөө нь органик, химийн бодисгүй жимс, жимсгэнэ тариалж зах зээлд нийлүүлэх, 3-4 жилийн дараа Монголын усан үзмийн зах зээлийн тодорхой хувийг эзлэх, өөрсдийн тариалсан жимс жимсгэнэ, хүнсний ногоогоо экспортод гаргах юм.


Холбоотой мэдээ