Цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын улсын дугаар ногоон өнгөтэй болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-10-22 11:52:31

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Засгийн газрын шинэ төлөвлөгөөний дагуу тус улс даяарх цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын улсын дугаар удахгүй ногоон өнгөтэй болно. Ингэснээр байгаль орчинд ээлтэй автомашинууд зогсоолд хямд зогсохоос өгсүүлээд олон төрлийн хөнгөлөлтийг эдлэх боломж бүрдэх ажээ.


Энэхүү шийдвэр цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудын борлуулалтыг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд хувь нэмрээ оруулна хэмээн Зам тээврийн яамны мэргэжилтнүүд үзэж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөний дагуу 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа тэг болгох зорилт тавьсан гэж Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн юм.


Их Британид 2018 оноос хойш цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн борлуулалт огцом өссөн боловч энэ төрлийн автомашинуудын тоог бусад тээврийн хэрэгслүүдтэй харьцуулахад бага хувийг эзэлсэн хэвээр байгаа тул дээрх шийдвэрийг гаргажээ. Харин иргэдийн хувьд цахилгаан хөдөлгүүртэй автомашинуудыг цэнэглэх станц хомсдолтой, хямд үнэтэй загварууд цөөн байдаг зэрэг асуудалтай тулгарч байгаа аж. 

Холбоотой мэдээ