Сайншанд суманд тавин ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-10-22 14:02:03

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд суманд тавин ортой эмнэлгийн барилга ашиглалтад орлоо.Төрөх эмнэлгийн барилгын санхүүжилтыг 2019, 2020 оны улсын төсөвт суулгаснаар “Баярс констракшн” ХХК барьж ашиглалтад оруулсан байна.

Эмнэлэг ашиглалтад орсноор эхчүүдийн амрах, эмчлүүлэх тасгууд хийгээд хагалгааны болон хагалгааны дараах сэрээх тасаг, эмгэг нярайн тасгууд тус тусдаа болж иж бүрэн стандарт үйлчилгээг үзүүлж чадахаар болсон тухай албаныхан мэдээлэв.

Эмнэлгийн барилга цэргийн эмнэлгийн барилгын адил сайн чанарын цул модон хаалгатай, давхар цонхтой, цахилгаан лифттэй аж.

Найман жилийн өмнө Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлгийн барилга барихаар Эрүүл мэндийн яамны харьяанд зарласан тендерт “Мон Инж Бар” ХХК шалгарч улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн боловч хугацаанд нь ашиглалтад оруулаагүй өдийг хүрсэн байдаг.

Энэ хугацаанд барилгын ажлын суурь, бетон хийцэд өөрчлөлт гарч цементийн хатуулаг болон бат бөх чанарын хувьд шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллага гаргаж байсан.

Төрөх эмнэлгийн нээлтийн ёслол 10 дугаар сарын 22-нд болж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, гүйцэтгэгч компанийн удирдлага, эмч мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцов.




Холбоотой мэдээ