Ясны сийрэгжилтийг тодорхойлох судалгаа хийж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-10-23 16:23:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийг дэмжих сан, аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүжилтээр “Эрүүл зүрх” төсөл хэрэгжиж байна. Уг төслийн хүрээнд дөрвөөс дээш насны хүүхдийн ясны сийрэгжилт түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох судалгаа хийж байна.

Судалгааны үр дүнгээс хамаараад эцэг эх, багш, тогооч нарт зориулсан тусгай сургалтыг явуулна. Эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүүхдийг зөв дадалд сургах, яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх юм.

Хөл өвдлөө гэх зовиуртай ирсэн хүүхдүүдийг оношлоход дийлэнх нь ясны сийрэгжилттэй гардаг. Тиймээс үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзсэн. Гурав хүртэлх насны хүүхдүүд Д амин дэмээр дамжуулан ясны сийрэгжилтээс сэргийлж чаддаг. Харин дөрвөөс дээш насны хүүхдүүдэд бага дээр нь илрүүлж эмчлээгүй тохиолдолд суурь өвчин болж үлдэх аюултай.  

Судалгааг Баруун-Урт сумын гурав болон есдүгээр цэцэрлэгийн дөрвөөс дээш насны хүүхдүүдийн дунд явуулж байгаа. Энэ хоёр цэцэрлэгийн хувьд нэг нь гэр хороололд, нөгөөх нь орон сууцны хүүхдүүд давамгай явдаг цэцэрлэг. Тиймээс харьцуулалт хийх зорилгоор энэ цэцэрлэгүүдийг сонгосон гэж аймгийн ЭМГ-ын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Э.Сувд-Эрдэнэ хэллээ.

Ясны сийрэгжилтээс сэргийлэх гол арга нь амин дэмээр баялаг, тэжээллэг хоол хүнс хэрэглэх гэдгийг зөвлөж байлаа. 

Холбоотой мэдээ