Ч.Дамба: Намайг “Атрын аяны анхны багш” гэж нэрлэсэн нь учиртай

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2019-10-25 09:55:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад атрын анхны 23 агрономичийг бэлтгэсэн, 500 гаруй агрономич шавьтай, газар тариалан, ургамлын селекцийн чиглэлээр олон эрдэмтдийг төрүүлсэн түүхэн гавьяатай, хүндтэй эрхэм өдгөө Дундговь аймгийн Сайнцагаан суманд амьдарч байна. Түүнийг Чулууны Дамба гэдэг. Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Атрын аяны анхны багш”, Монгол Улсын зөвлөх агрономич, профессор  Ч.Дамбатай ярилцлаа.


-Атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн хөгжил тантай, таны ажил амьдралтай салшгүй холбоотой гэдгийг таны тухай “Атрын аяны анхны багш, алдар хүндэт эрдэмтэн агрономич” гэсэн номноос уншиж байсан. Энэ тухай дурсамжаа хуваалцана уу.

-Одоогоос 60 жилийн өмнө гэхээр, яалт ч үгүй 1959 онд анхныхаа 23 агрономичийг төгсгөөд тэднийг ажлын дөртэй болоход нь чиглүүлж явсан түүхэн үе л дээ.

Би 1958 онд Москвагийн Тимерязовын нэрэмжит ХАА-н Академийг төгсөж ирээд ХААДС-д багшилж, газар тариалангийн үндсэн хичээлүүдийг ордог байлаа. Ургамлын аж ахуй, селекцийн аж ахуй, генетик, ХАА-н бүтээгдэхүүн, боловсруулах, хадгалах гэсэн хичээлүүдийг би зааж байсан юм. Өөрөөр хэлбэл агрономийн мэргэжлийн гол ухагдахууныг зааж байсан гэсэн үг. Тэгээд анхны төгсөгчдөө 1959 оны хавар төгсгөчихөөд, тэд маань атрын сангийн аж ахуйнуудад томилогдож байлаа шүү дээ.

Тэгээд тэд маань шинэхэн агрономичид атар газрыг эзэмших ажилд ид гар бие оролцож байсан юм. Тиймээс намайг “Атрын аяны анхны багш” гэж ном гарч, тэгж нэрлэсэн нь учиртай. Тэгээд бодохлоор яах аргагүй агрономийн багш нараас атрын анхны шавыг татуулж явсан хүн болж таараад байгаа юм.

Зарим шавь нараа би өөрөө очиж дадлагажуулж, сургаж байлаа. Жаргалантын САА-д очиж, бүх ажлыг эхлүүлсэн. Атар газар хагална гэдэг чинь тийм ч амар ажил биш. Чиг татах, загон татна гэдэг чинь их янзтай шүү дээ. Тэрнийг нь зааж, дадлагажуулна гэдэг маш их хугацаа авсан ажил байсан.

Алив чи тэнд зогс гээд км-ийн цаана нэг хүн аваачиж зогсоочихоод тракторчиндоо “за чи одоо тракторынхоо янданг тэр хүний толгой руу чиглүүлээд яг мурийлгүй явж чадах уу?” гэсэн “чадна чадна” гээд хөдлөөд явахаараа байхгүй ээ, мурилзаад л алга болж өгнө. Тэгээд буцааж авчраад дахиад л явуулна. Энэ мэтчилэнгээр хэд хэд дахиж явж байж, загон татаж сургадаг байлаа.

Тэгж анхных нь, яг анхных нь байсан уу, үгүй юу бас сайн мэдэхгүй юм, лав л Жаргалантын САА-д тэгж шанг нь татуулж явсан юм.

-Танаас өмнө агрономийн багш нар байсан юм уу, та анхных нь багш уу? Ер нь та хэдэн агрономичийг бэлтгэсэн бэ?

-Надаас өмнө агрономийн багш нар байлгүй яах вэ. Гэхдээ гол тарьдаг ургамлууд, түүний үр, тариалалт, тариа хурааж аваад боловсруулах, хадгалахыг нь хүртэл заасан хүн нь би байсан. Эхлээд ургамал судлал, хөрс судлал, газар тариалан, бордоо гээд л зөндөө олон янзын хичээл байгаа шүү дээ. Тэрнийг ордог багш нар байсаан.

Тэгээд яг тариалах, жинхэнэ ургамлынх нь хичээлийг би заасан онцлогтой. Тэгэхээр би жинхэнэ анхны тариаланчдыг бэлтгэсэн хүн байгаа юм.

Би 1958-1968 онд ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллахдаа 10 гаруй төгсөлтийн 500 гаруй агрономичийг бэлтгэсэн байдаг. Тэднээс маань нэрт эрдэмтэн, доктор, профессор, гавьяатууд, судлаачид төрөн гарч, газар тариалангийн хөгжилд хувь нэмрээ оруулсан. Төрийн сайдаар ажиллаж байсан хүмүүс ч байгаа.

-Таны анхны шавь нараас ихэвчлэн аль САА-д очиж ажиллаж байсан юм бол?

-Тэр үед Борнуур, Батсүмбэр, Зүүнхараа, Цагаантолгой, Жаргалант гээд хэд хэдэн САА өмнө нь байсан. Шинээр Угтаал, Дарханы САА, Баянцогт гээд атрын САА-ууд байгуулагдсан юм даг. Анхны шавь нар маань хуучин САА-нуудад ч хуваарилагдсан, шинэ САА-д ч ажилласан. Ямар ч л байсан бүгд ажилтай болсон.

Тэр үед 1959 онд дөрөв, 1960-1961 онд дахиад дөрвөн САА байгуулж, Монгол Улс 20-оод САА-тай болсон түүхтэй.  

-Атар газар эзэмшиж байх үеийн сайхан дурсамжууд зөндөө байгаа байх, заримаас нь хуваалцвал?  

-Тэр үед шинээр байгуулагдсан бүх САА-нуудад Оросоос сургагч, агрономууд ирж, зааж сургадаг байлаа. Мөн тракторч, комбайнууд хүртэл ирж ажиллаж байсан.

Тэр үед СААУГ гэж байгуулсан. Тэжээлийн аж ахуйг ч байгуулсан. Маш амжилттай ажиллаж байлаа шүү дээ. Түүний  нэг жишээ гэвэл, манай улс нэг жилдээ 800 гаруй мянган тонн хүртэл тариа хурааж аваад, тэгээд агуулах сав байхгүй, боловсруулах үйлдвэр нь барахгүй гадагшаа экспортод хүртэл гаргаж байсан үе байлаа. Энэ бол 1968, 1969 оны үе юм даа.

Тэр үед манай улсын хэрэгцээ одоогийнхоос бага байсан байж таараа. Одоо манай хүн ам гурван сая гарчихаад байхад хүн амын хэрэгцээ 300 гаруй мянган тонн байна. Тэр үед чинь хоёр сая гаруй хүн амтай байсан гэхээр 800 гаруй мянган тонн үр тариа гэдэг чинь мундаг байлаа шүү дээ. Атар газрыг ингэж л жинхэнэ утгаар нь эзэмшиж явсан гээд бодохоор сайхан байдаг.

-Тэр үед усалгаатай тариалангийн чиглэлээр ямар бодлого барьж, ямар амжилтад хүрч байсан юм бол?

-Услалтын систем гэж хөрөнгө мөнгө их зарсан. Хайрган дээр аваачаад услалтын систем зоочихоод ургац нэмнэ гэж ярьдаг л байлаа. Мэргэжилтнүүдээ сайн сонсдоггүй л байсны үр дагавар байсан байх.

Би “Монгол Улсын усалгаатай газар тариалангийн одоо, ирээдүй” гэсэн илтгэл тавьж, нийтлэл бичиж байсан. Цагаантолгойн САА-тай хамтраад тэнд ажиллаж байлаа.

Цагаантолгойн САА тэр үед 1000 га талбай услах услалтын систем авчирч зоож байсан. Тэр үед би Дарханы УГТЭШХ-д ажиллаж байсан болохоор манай хүрээлэнтэй хамтарч ажилладаг, би сортыг нь сонгож өгөөд, яг тэр орчин нөхцөлд нь тохирсон үрийг нь үржүүлээд нэг жил тариалалт хийлгэсэн.

Гэтэл дараа жил нь тариалах үрээ авч үлдэлгүй, бүгдийг нь гурилын үйлдвэрт тушаачихсан, нөгөө гаргаж ирсэн үрийн сортыг маань үгүй хийчихсэн байж билээ. Тийм сүрхий юм хүртэл болдог л байсан.  

Тэгээд тэр үед улсын хэмжээнд 40 гаруй услалтын системтэй болсон юм даг. Ихэнхээр нь яваад ямар үр хаана, яаж суулгах талаар зааж, зөвлөж өгдөг байлаа.

Усалгааны систем гэдэг чинь нэгдүгээрт хөрс, хоёрдугаарт усны хангамж, гуравдугаарт услах төхөөрөмж, дөрөвдүгээрт усалж байгаа эзэн, тавдугаарт тарих ургамал нь тухайн орон нутгийнхаа хөрсөнд таарсан байх ёстой байдаг юм.  

Дулааны хангамж л гэхэд л буудайн хувьд зуны дулаан үед байж байгаа тэр дулааных нь нийлбэр 2000 градус байгаа тохиолдолд л үр нь боловсордог. Тэгэхэд чинь 1000 градусын нийлбэр дулаантай газар аваачаад буудай тарина гээд тарьчихлаар үр нь хэзээ ч болохгүй. Тэр бүгдийг зохицуулсан, их олон нөхцөл бүрдэж байж, ургац хуримтлагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.   

Одоо ч гэсэн ялгаа байхгүй, түрүүний хэлсэн зүйлүүдийг бүгдийг тохируулж байж л услалтын системээ сонгох хэрэгтэй. Эхлээд ногооныхоо талбайг усжуулах хэрэгтэй байдаг юм. Одоо Хятад Улсаас услалтын систем оруулж ирэх талаар яриад байгаа.

Үр тарианд бол Хархорин, Цагаантолгой гэх мэт газарт ус, хөрснийх нь зохицол бүрдэж байгаа тийм газарт л услалтын системээ байрлуулах хэрэгтэй гэж боддог.  

-Өнөөгийн газар тариалангийн хөгжлийг атар газар анх эзэмшиж байсан үеийнхтэй харьцуулахад ямар байгаа, цаашид юуг анхаарах вэ?

-1990 оноос хойш САА, тэжээлийн аж ахуйнуудыг хувьчлаад мэргэжлийн биш хүмүүс компани байгуулаад эзэн нь болоод суучихсан, агроном нь хэдэн найдвартай хүнээ аваад бас нэг компани байгуулчихсан. Тэгээд нэг САА-н талбайг хэд ч хуваачихсан юм бэ дээ.  Тэгэхэд чинь тэр үед Дарханы САА гэхэд л 40 мянган га газар хүртэл л тариалж байлаа шүү дээ.

Яахав дээ, өнөөдөр зарим талаараа урагштай явж байгаа юм байна л даа. Усалгаагүй, хээрийн талбайнуудад хөрсийг хөвж боловсруулах, тэрэндээ таарсан техник, технологи, тохирсон сортыг нь бүрдүүлээд ургац аваад явж л байна. Мөн хөрсөө хамгаалж байна.

Нарийндаа ярих юм бол энэ япон, солонгосчууд шар түйрэн гээд сүйд болоод байгаа ш дээ. Тэр чинь бол манай тариалангаас л нанги шороо тийшээгээ явж байгаа гэсэн үг. Тэрнийг хамгаалах технологийг манайх одоо нэвтрүүлж байна л даа. Хэдийгээр бүрэн биш ч гэсэн нэг дэвшил юм.

За тэгээд таарсан нутагтаа, талбайд нь таарсан сортыг, тохирсон технологиор нь тариад, хөрсөө хамгаалаад явах юм бол манайх ургац аваад байх бололцоо бий.

Гэхдээ нэг аюултай юм нь хөрсөө бордох, хөрсөө тэжээж байж, ургац авдаг байтал манайхан тарьж байгаа ургамлаа л тэжээх гээд байх юм. Эхлээд хөрсөө тэжээх учиртай юм. Малтай жишихэд эхийг нь тэжээж байж л төл нь сайн байна биз дээ. Тэрэнтэй адилхан юм байхгүй юу.

Ийм л нарийн учиртай байдаг. Энэ дээр төрийн бодлого маш зөв байх, бодлого гаргаж байгаа, хэрэгжүүлж байгаа яам нь маш соргог, шинийг эрэлхийлдэг байх, тариалангийн компаниудыг эзэмшиж байгаа хүмүүсийн мэдлэг, мэргэшил өндөр хэмжээнд байж байж л хөрсөө ч хамгаална, ургацаа ч авна, улсаа ч тэжээнэ дээ.

-Таны хувьд эрдэм шинжилгээний ажил хийж байсан. Өөрөө Дарханы УГТЭШХ-ийн захирлаар их олон жил ажиллаж, олон эрдэмтдийг төрүүлсэн хүний хувьд олон шинэ сорт гаргасан байх даа.

-Дарханы УГТЭШХ-д ажиллаж байхдаа, дээр ярьсан даа, тэр Цагаантолгойн САА-д усалгаатай тариаланд таарсан сорт шалгаруулаад, тэрнийхээ үрийг үржүүлж, үрийг нь зэхээд өгсөн. Гэтэл тэр САА маань нэг жил тарьчихаад дараа жил тарих үрээ авч үлдэлгүй бүгдийг гурилын үйлдвэрт тушаачихсан байсан. Тэгээд тэр сортыг минь устгачихсан.

Одоо манай хүрээлэнд Селекцийн сектор ажиллаж байна. Тэнд одоо олон шинэ сорт гаргасан. Олон шинэ сорт гаргах онолын үндсийг нь би хэдэн эрдэмтэдтэйгээ нийлж боловсруулж өгсөн дөө. Тэрний хүчээр, тэр боловсруулсан арга зүй, онолын үндэс нь их хэрэг болсон гэж өнөөдөр селекц нар өөрсдөө хэлдэг юм. Тэгэхээр хэрэг болсон л хэрэг байх.

-1990 он гараад та тэтгэвэртээ гарч, нутагтаа ирсэн. Тэр үед говийн энэ аймагт ногоо тарьж мэддэг, чаддаг хүн бараг л байгаагүй. Та их олон хүнд ногоо тарихыг сургаж, амьдралд нь дэм болсон хүн шүү дээ. Энэ дурсамжаа хуваалах уу?

-Тэр үед хашаандаа ганц хоёр сонгино тарьдаг хүн байсан л байлгүй дээ. Би эхлээд тэр болгоныг бүртгэж байгаагүй юм.

Намайг нутагтаа ирэхэд байсан ганц нэг үйлдвэрүүд ажиллахаа больж, үнээний фермүүд тарчихсан, ажилгүй хүмүүс их олон байсан. Бас амьдрал их дорой байсан. Тэгээд тийм улсуудад хэрэг болъё, тус болъё, ядахнаа ногоо тариад сураатхаг, төмсөө тариад иддэг болог гэж бодоод тэднийг цуглуулаад л, хичээл заагаад л эхэлж байлаа шүү дээ.

Сүүлдээ сумдад яваад сургалтаа хийж байлаа. Ногоо тарих сонирхолтой хүмүүс зөндөө байсан, тэгээд сургалтыг олон янзаар хийсэн дээ. Одоо Дундговьд ногоо тарьж байгаа хүмүүсийн ихэнх нь л миний шавь нар байна даа. Заримд нь хэрэг болсон л байх гэж боддог.

-Саяхан би Р.Мужил гуайтай ярилцлага хийж байхад таны шавь гэж ярьж байсан. Тэр хүн бас олон сургалт явуулсан байна лээ.

-Р.Мужил ч одоо намайг сургалт хийх болгонд л ирж суудаг тийм хүн байсан. Өөрөө олон шавьтай болсон байх. Залгамж гэдэг л тэр дээ. Хэн ч түүнийг сургалт хий гэж шахаж шаардаагүй. Тийм авхаалжтай, сэтгэлтэй хүмүүс өөрөө сурчихаад, өрөөлийг бас сургаад, олонд үлгэр жишээ болоод явж байна.

-Атрын 60 жилийн түүхэн хөгжлийг та юу гэж дүгнэн хэлэх вэ?

-Атрын 60 жил гэдэг чинь газар тариаланг Монгол Улсад үндэсний үйлдвэрлэлийн хэмжээний, УААА-н том салбар болтлоо хөгжүүлж эхэлсэн үе. Энэ үе бол 1959 он юм аа. Одоо бол манай улсад УААА-н том салбар болоод улс орноо үр тариагаар, төмс ногоогоор хангаад явж байна. Мөн малын тэжээл, эмийн ургамал гээд зүсэн зүйлийн юм тариалаад сурчихаж.

Тэгээд газар тариалан гэдэг чинь жинхэнэ утгаараа УААА-н том салбар болсон болохлоор 1959 оны хавар атар газар эзэмшиж, атар хагалж эхэлсэн, шинээр 200 мянга гаруй га газар хагалаад намар нь улсынхаа хэрэгцээг хангахуйц шахуу тариагаа хураагаад авчихаж байсан тэр үе бол жинхэнэ манай атрын үүсэл хөгжлийн “алтан үе” байж дээ. Тэрнээс хойш улам өргөжөөд 800 гаруй мянган тонн тариа хурааж авчихаад экспортод гаргаж байсан үе бол УААА-н том салбар болж хөгжсөнийг харуулж байгаа юм.

Энэ чинь тэр үедээ социализмын үеийн том ололт юм. Монгол өөрөө өөрийгөө гурилаар хангана гэдэг бол том асуудал байсан. Анхны энэ аян бол яах аргагүй түүхэн гавьяатай л үйл явдал байсан гэж бодож явдаг даа.

-Баярлалаа Танд. 

Холбоотой мэдээ