Т.Хонгорзул: Байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-10-29 11:25:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хөгжлийн гол хөшүүрэг нь мал аж ахуй болон аялал жуулчлал юм. Энэ удаа орон нутаг дахь аялал жуулчлалын хөгжлийн талаар Аялал жуулчлал мэдээллийн төвийн дарга Т.Хонгорзултай ярилцлаа.



1.    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 

-Баярлалаа. Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

-Архангай аймгийн хөгжлийн хөшүүргийг мал аж ахуй, аялал жуулчлал гэж тодохойлж, бодлого төлөвлөлтөө гаргаад ажиллаж байгаа. Үүний нэг нь танай байгууллага. Өнөөдрийн байдлаар ажил хэр урагштай байна вэ?

-Архангай аймгийн хувьд үзэсгэлэнт дүр төрх бүхий унаган сайхан байгаль, эртний нүүдэлчин ард түмнээс уламжлалтай гайхамшигт ёс заншил, түүх соёлын дурсгалт зүйлсээ хадгалан хамгаалж, дотоод, гадаадын жуулчдад сурталчлан таниулах замаар орон нутгийнхаа хөгжлийг хангах тааламжит боломж бол яахын аргагүй аялал жуулчлал юм.

Архангай аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв нь анх 2017 оны 10 дугаар сард байгуулагдсан. Би энэ ажлыг 2018 оны 9 дүгээр сард хүлээж авсан. Манай мэдээллийн төв нь гадаад, дотоодын жуулчдад зориулсан бүх төрлийн баазыг бүрдүүлж, мэдээллээр хангах, үйлчилгээний бусад байгууллагад зуучлах үйлчилгээ үзүүлэх зорилготой байгууллага юм. Мэдээллийн төвийн үйл ажиллагааг тогтмолжуулахад аймаг орон нутгаас бүх талаар дэмжиж хамтран ажиллаж байна. Ажил авснаасаа хойш жуулчдад хэрэгтэй бүх төрлийн мэдээллийн баазын судалгаа хийж, мэдээлэл цуглуулан англи, монгол сайт, пэйж хуудсыг идэвхжүүлэн  ажиллуулахаас гадна аялал жуулчлалын чиглэлээр, хурал, уулзалт, сургалтуудыг аймаг орон нутагтай хамтран зохион байгуулж, хамтран ажиллаж байна.

Цаашид мэдээллийн төрөлжүүлэлтийг маш сайн хийж, ямар ч жуулчин орж ирээд хайсан мэдээллээ бүрэн дүүрэн авдаг байх боломжийг бий болгох, мэдээллийн төвөөс ямар нэг үйлчилгээний байгууллагад жуулчдыг зуучлан үйлчлүүлсэн тохиолдолд урамшуулал буюу бага зэргийн төлбөрийг тухайн үйлчилгээний байгууллагаас авдаг, мөн орон нутгийн онцлогийг тусгасан бэлэг дурсгалын бүтээгдэхүүн борлуулан ажиллах, мэдээллийн төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.


Архангайчууд бид гадны болон дотоодын аялагчдад юу үзүүлж чадах вэ?

-Манай аймаг баруун бүсийн аймгуудын саатан өнгөрдөг гол цэг учраас дотоод, гадаадын жуулчдын саатан тухалдаг газар болгох боломжтой юм. Архангай аймгийн байгалийн баялаг, нүүдлийн соёл, ахуй амьдрал, Монгол оронд дахин давтагдашгүй түүх соёлын үнэт олдвор, онгон байгаль зэрэг нь аялал жуулчлалын гол нөөц төдийгүй өргөн цар хүрээтэйгээр хөгжүүлэх боломжтой юм. Сүүлийн үед Архангай аймаг нь Хүннүгийн үеийн дурсгал, түүний судалгаа шинжилгээгээр эрдэмтэн судлаачдын анхаарлыг их татаж байгаа. Мөн эртний чулуун дурсгал ихтэйгээс гадна Хүннүгийн хаадын төвлөрөн суурьшиж байсныг илтгэх олон дурсгалуудаараа онцлогтой. Энэхүү дурсгалуудаараа дамжуулан бид Хүннүгийн соёл түүхийг сурталчлах бүрэн боломжтой юм.


-Эрүүл, аюулгүй байх талаас нь ч бас бодолцох ёстой байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Жуулчдын эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс орон нутагт мөрдөгдөж буй хууль тогтоомж, заавар, хураамж, төлбөр тооцоотой холбоотой мэдээлэл, хулгай дээрэмд өртвөл хандаж болох газрын талаар бид бүхэн мэдээллийг хүргэнэ. Жуулчдад банк, цагдаа, эмнэлгийн тусламж гэх мэт зарим шаардлагатай үйлчилгээний газруудын мэдээллийг өгөх, холбож өгөх зэргээр тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Ялангуяа үүргэвчтэй аялагч нар мэдээллийн төв буюу аяллын компани, байгууллагад хандалгүйгээр өөрсдөө аялах юм бол зарим тохиолдолд эрсдэл үүсэх магадлалтай. Жишээ нь, тааралдсан таксиндаа сууж мөнгөө алдах, хэд дахин илүү төлөх гэх мэт. Хэрэв мэдээллийн төвд ирж үйлчлүүлээд өөрийн хүссэн зүйлийн талаар тодорхой сайн мэдээлэл аваад гарах юм бол төөрч будилж цаг алдахгүй, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой. Мөн яавал аюулгүй, гэмтэл бэртэлгүй аялах өөрийгөө хамгаалан анхаарал болгоомжтой явах талаар жуулчны мэдээллийн төвөөс мэдэх боломжтой.


-Танай байгууллага байгуулагдсанаасаа хойших хугацаанд гадаад, дотоодын аяллын компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн үү?

-Мэдээллийн төв 2017 оны 10 дугаар сард албан ёсоор байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн. Мэдээллийн төвийн хувьд үйл ажиллагаа эхэлснээсээ хойш аймаг орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтраад аялал жуулчлалын уулзалт хэлэлцүүлэг, зочлох үйлчилгээний салбаруудын сургалтуудыг зохион байгуулж ажилласан байна. Мөн мэдээллийн төв гэдэг утгаараа Архангай аймгийн аялал жуулчлалын холбогдолтой бүх мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх зорилгоор  мэдээллийн баазыг бүрдүүлэн ажиллаж байна. Бааз сууриа бэхжүүлсний дараа гадны аяллын компаниудтай холбогдож ажиллахаар төлөвлөөд байна. 

 

-Аялагчид ирлээ гэхэд “Аялал жуулчлалын мэдээллийн төв” ямар үйлчилгээ үзүүлэх вэ?

-Жуулчны мэдээллийн төв нь орон нутгийнхаа иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, жуулчдад хэрэгтэй бүх төрлийн мэдээллийг хүргэж үйлчлэх, Архангай аймагт жуулчлах жуулчдын тоог  нэмэгдүүлэх зорилготой байгууллага. Энэ хүрээнд манай мэдээллийн төвөөр үйлчлүүлснээр Архангай аймгийн байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын мэдээлэл, аяллын маршрут, газрын зураг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг сонирхохоос гадна үзвэр үйлчилгээний газруудын шаардлагатай мэдээллийг авч болно. Мөн пэйж хуудас болон вэб сайтаас мэдээлэл авч болно.


-Ер нь жилдээ Архангайг зорьж хэд орчим жуулчин ирдэг юм бэ? Өнгөрсөн зуны тоон мэдээлэл гарсан уу?

-2018 оны байдлаар Архангай аймагт 94145 жуулчид ирсэн байна. Үүнээс 80399 нь дотоодын жуулчин, 13746 нь гадаад жуулчид ирсэн байна. Мөн 2017 онд 58277 жуулчин ирснээс дотоодын жуулчид 47164, гадаад жуулчин 11113 ирсэн байна. Эндээс харахад жил ирэх тусам дотоодын аялагчдын тоо маш их өсөж байгаа нь харагдаж байгаа юм. Тэгэхээр цаашид дотоодын жуулчдад чиглэсэн аяллын маршрут гарган сурталчилж ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлж, анхаарах хэрэгтэй болж байгаа юм. 

 

-Архангайг зорьж байгаа аялагчдын аяллын чиглэл нь юу байдаг юм бол. Судалж үзсэн үү?

-Мэдээллийн төвийн ажлыг аваад яг нэг жил болж байна. Энэ жилийн хувьд бол мэдээллийн төвөөр 40 гаруй жуулчин үйлчлүүлснээс 18 нь франц, герман, итали жуулчид үйлчлүүлсэн бол 22 нь дотоодын жуулчид байсан. Аялагчдыг дотоод, гадаадаар нь аяллын чиглэлийг нь тодорхойлбол дотоодын жуулчид голдуу хойд чиглэлд Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо үзэх чиглэлээр км, зам, жуулчны баазын мэдээлэл их асууж байсан. Гадаадын жуулчдын хувьд ихэвчлэн үүргэвчтэй аялагчид байсан. Аймгаас сум хоорондын зорчигч тээврийн үнийн мэдээлэл, буудал зоогийн газрын мэдээлэл, зам дагуу үзэж харах байгалийн болон түүх соёлын дурсгалт газрын мэдээллүүд авахаас гадна хил залгаа аймгууд руу явах болон ирж байгаа жуулчид байсан.

Ажил авах үед жуулчин ороод ирэхэд танилцуулах бэлэн мэдээлэл нь аймгийн газрын зураг болон жуулчны баазуудын танилцуулга брошурууд байсан. Иимд цаашид жуулчдад зориулж мэдээллийг олон чиглэлээр төрөлжүүлж бэлтгэх шаардлагатай нь харагдсан. Архангай аймагт аялж болох 4 чиглэлийн маршрутыг сурталчилж тараах, мөн цэцэрлэг хотын газрын зургийг бэлтгэн гаргаж жуулчдад тараахаар бэлтгэж байна. Жуулчдыг Архангай аймгийн төвөөр дайран өнгөрөх биш саатан тухалж, үзүүлэх маршрут чухал байгаа нь харагдсан. Энэ хүрээнд Цэцэрлэг хотын аяллын маршрутыг гаргахаар бэлтгэн ажиллаж байна.

 

-Манай аймгийн нутаг дэвсгэр дээгүүр хэд хэдэн аяллын маршрут гаргасан байсан. Ямар ямар маршрут байгаа вэ? Ер нь маршрутын дагуу нэг аялагч Архангайд долоо хононо гэж үзэхэд хэд орчим төгрөгийн зардал гарах бол... Тооцоолж үзсэн зүйл байдаг уу?

-Архангай аймагт байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, адал явдалт, тусгай сонирхлын, түүх, соёлын танин мэдэхүйн аялал жуулчлал болон амралт, рашаан сувиллын гэсэн 5 чиглэлээр аялах боломжтой. Дээрх аяллын төрөл тус бүрээр аяллын богино /2 хоног/, дунд /3-4хоног/, урт /7 хоног/ хугацааны  аялал хийж болно. Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбарийн хүрээнд 4 чиглэлийн аяллын маршрут гарсан байгаа. Үүнийг жуулчдад санал болгож байна. Зардлыг одоогоор тооцоогүй байна. Ирэх жил аяллын тодорхой чиглэлийн маршрутдаа зардал тооцож, мэдээлэл сурталчилгааны ажил хийхээр төлөвлөж байна.


Манай аймагт өвлийн улиралд аялагчдын хүлээж авах боломж хэр байдаг вэ? Эвент бий юу?

-Архангай аймагт өвлийн улиралд хийж эхэлж байгаа “Тамирын жавар” мөсний баяр, Булган уулын буман зулын баяр гэсэн эвентүүд байна. Энэ эвентийг сүүлийн 2 жил дараалан хийж байгаа. Орон нутгийн иргэд илүү хамрагддаг. Үүнийг цаашид гадаад, дотоодын жуулчдад илүү хүргэх үүднээс бэлтгэл ажлыг сайтар ханган, илүү зохион байгуулалт сайтай хийх хэрэгтэй байгаа юм. Орон нутгаас эдгээр эвентүүдийг тогтсон эвент болгох, төлөвлөх, зохион байгуулах тал дээр илүү анхаарлаа хандуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг аймаг орон нутгаас илүү дэмжиж ажиллах хэрэгтэй байгаа нь харагддаг.


-Цаашид дулааны ч, хүйтний ч аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар хөшүүрэг хэрэгтэй юм бол. Таны байр суурийг сонсъё.

-Аймгийн аялал жуулчлалын гол нөөц болсон байгалийн үзэсгэлэнт тогтоц, гол мөрний эх, эрэгт эмх замбараагүй байрласан олон тооны жуулчны бааз, амралтын газар, хог хаягдал, олон салаа замууд нь ус хөрсний бохирдлыг их хэмжээгээр бий болгож, байгальд нөхөж болшгүй хохирлыг учруулж байна. Иймд аялал жуулчлалын салбарт чанарын стандартыг хатуу мөрдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн байгалийн унаган төрхийг алдагдуулахгүй, байгалийн нөөцийн даацад тохирсон тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал байна.

Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд хамгийн ихээр өртөгдөж, үндсэн шинж чанараа алдаж буй зүйлсийн нэг нь хүн ардын соёл уламжлал, зан заншил юм. Соёл уламжлал нь аливаа үндэстний бусад үндэстнээс ялгарах илэрхийлэл нь болдог. Үнэт зүйлсээр баяжуулан хадгалж, ирээдүй хойчдоо уламжлахад гол үүрэг гүйцэтгэгч нь нутгийн иргэд. Иймд унаган байгаль, нүүдэлчин ард түмнийхээ амьдралын өвөрмөц хэв маяг, түүх соёл, зочломтгой зан заншлаар жуулчдыг татдаг бидний хувьд нутгийн иргэдийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өвөл, зуны аль ч улиралд хөгжүүлэх нь байгаль соёлын өвөө хадгалан авч үлдэх боломжтой юм.

 

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгж, иргэдийн нэгдмэл байдал чухал юм шиг санагддаг...?

-Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, зочид буудал, зоогийн газар бусад үзвэр үйлчилгээний газрууд бие биенийгээ дэмжиж, хамтарч ажиллах талаар учир дутагдалтай юм шиг харагддаг. Цаашид энэ тал дээр хамтран, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн байгууллагатай нягт түншилж хамтран ажиллахад бидний байнгын тасралтгүй хамтын ажиллагаа чухал байна. Ялангуяа манай аймгийн хувьд зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний чанар хангалтгүй. Энэ тал дээр аж ахуйн нэгж байгууллагын удирдлага ажилчдаа чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллах хүчнийг бэлтгэх, өөрсдөө энэ чиглэлээр ажлаа сайжруулах чиглэлээр орон нутгийнхаа төрийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна.

        

-Мөн тогтвортой байдал чухал...Наанадаж морин аялал нь аюулгүй, тогтмол хугацаанд явдаг байх, цагаан идээгээ тогтмол нийлүүлдэг малчин байх гэдэг ч юм уу, эсвэл хэд хэдэн тогтсон малчныд аялагчдыг хэд хонуулдаг байх гэдэг ч юмуу? Нүүдлийн соёлыг шингээсэн үйл ажиллагааг хөгжүүлэх нь чухал санагддаг?

-2018 оны 11 дүгээр сарын 29-ний аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Архангай аймгийг нүүдлийн соёл аялал жуулчлалын олон улсын төв болгон хөгжүүлэх төлөвлөгөө 2019-2030 оны дунд хугацааны бодлогын баримт бичгийг баталсан байгаа. Энэ хүрээнд маш олон ажлууд төлөвлөгдсөн байгаа учраас нүүдлийн соёлыг шингээсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахаар бэлтгэж байна.     


-Архангайд аялж болох бүх мэдээллийг ямар эх сурвалжаас авч болох вэ?

-Архангайн аялал жуулчлалтай холбогдолтой бүх мэдээллийг бид өнгөрсөн жилээс мэдээллийн бааз үүсгэн цуглуулж, www.arkhangaitravel.org, www.travelarkhangai.mn сайтуудыг хөгжүүлэн ажиллаж байна. Мөн Архангай аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төв гэсэн нэртэй пэйж хуудас ажиллуулдаг. Эндээс та бүхэн хэрэгтэй мэдээллүүдийг авч болно.


-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Амжилт хүсье.

 

Холбоотой мэдээ