"Талын түмэн адуу-2019" наадам зургаа дахь жилдээ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-28 15:17:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн адуу-2019” наадам 11 дүгээр сарын 1-3-нд зургаа дахь жилдээ Хэнтий аймгийн Батноров суманд болно.

БОАЖ, ЗГХА Соёл, урлагийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ, Батноров сум болон бусад хувийн хэвшлийн компанийн дэмжлэгтэй “Мөнх харилцаа” ТББ-иас санаачлан хэрэгжүүлж буй энэ удаагийн наадамд улс, аймгийн аварга адуучид болон адуу сонирхогч залуус хоёр мянга гаруй адуун сүрэгтэйгээ оролцох нь энэ жилийн онцлог гэдгийг зохион байгуулагчид нь тодотгож байна. Мөн ӨМӨЗО-оос 50 гаруй адуучин оролцохоор бүртгүүлжээ.

Энэ үеэр 10 орчим сая төгрөгийн шагналын сантай "Шургуу-2019" тэмцээнийг аймаг бүрийн шилдэг 20 гаруй адуучдын дунд зохион байгуулах юм. Мөн Шилдэг уургач, Хэнтий аймгийн хурдан удмын санг тээгч, угшил сайт монгол гүүг шалгаруулах “Хэнтий аймгийн шилмэл гүү” уралдааныг зохион байгуулахаар хөтөлбөртөө шинээр тусгажээ.

“Талын түмэн адуу" наадмыг Хэнтий аймагтаа хамгийн олон адуутай Батноров болон зэргэлдээх сумдын малчдын амьжиргаа, эдийн засгийн эргэлтийг дэмжих үүднээс 2015 оноос эхлэн зохион байгуулж буй. Энэ нь Монгол Улсад өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх гадаад, дотоодын томоохон жуулчдын урсгал бий болгоод зогсохгүй өвөл цагийн адуу маллах эртний нүүдэлчин өв уламжлалыг хадгалан авч үлдэх, орон нутагтаа адуучдын авьяас, чадварыг алдаршуулах ач холбогдолтой аж.

 “Талын түмэн адуу-2019” наадмын хөтөлбөр

Сүлдэнд мөнхөрсөн хүлэг адууны тухай дуу дуулаачдын тэмцээн

ТОРГОН ТАР богино зайн бооцоот уралдаан

Хэнтий аймгийн хэмжээнд Шилмэл гүү шалгаруулалт

Адууны зүс нэршлийн танилцуулга

Хос морьдын хөтөлгөө, ховор зүсний адууны цуваа

Уран уургач шалгаруулах ШУРГУУ 2019 тэмцээн

Эмнэг булгиулах үзүүлбэр, тэмцээн

Батноров, Дарьганга, Сэврэй хийцийн нэгдсэн бүтээлийн үзэсгэлэн

Тал нутгийн тайга нохойн уралдаан, хийц шалгаруулалт

Адууны хийморь гэрэл зургийн уралдаан, үзэсгэлэн

Удамт Монгол хүүхдийн морьтон парад зохиогдоно

Баяр наадмын зочдод зориулсан хүндэтгэлийн тоглолт

 

Ташрамд дурдахад, “Талын түмэн адуу-2018” үйл ажиллагааг өнгөрсөн оны 11 дүгээр сард зохион байгуулсан. Гурван өдрийн хугацаанд Герман, АНУ, Их Британи, Австрали, Польш, Франц, Хятад, Япон, Монгол зэрэг 15 орны 2000 орчим жуулчин наадмыг зорин иржээ.

 

 



Холбоотой мэдээ