Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналын эзэд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-29 11:15:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны түүхт 380 жилийн ойн босгон дээр нийслэл хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бүтээн байгуулалт хийсэн байгууллагуудыг тодруулдаг “Гаруда 2019” ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэхүү шагнал нь барилга байгууламж, дэвшилтэт техник технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага, брэндинг, гарааны бизнес гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг нэрлэсэн юм. 

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “ГАРУДА 2019” хүртсэн аж ахуйн нэгжүүдийг танилцуулж байна.

Шилдэг гарааны бизнес /Start-up/ төрөлд “Эрксис Монголиа” ХХК-ийн “Эрксис маркетинг, борлуулалтын платформ” шалгарч “GARUDA-2019” дээд шагналын эзэн боллоо. Тус ХХК нь Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын харьяа Hub Innovation Center-ээс төрөн гарсан анхны гарааны бизнес бөгөөд дотоодын зах зээлдээ 2.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж, 900 мянган ам.долларын хөрөнгө оруулалтыг босгож чаджээ. Эрксис маркетинг борлуулалтын платформ нь 2018 оны Азийн шилдэг 100 гарааны бизнесийн нэг, Google компанийн тэтгэлгээр Цахиурын Хөндийн “BLACKBOX” хөтөлбөрт тэнцсэн Монголын хоёр дахь компани зэрэг Монгол Улсын нэрийг дэлхий дахинд мандуулж яваа хамт олны бүтээл юм.

Шилдэг брэндинг төрөлд “АБИГАЛ” ХХК-ийн “Ивээл” брэнд шалгарлаа. “Ивээл” брэнд нь Монгол хүний биеийн онцлогт тохирсон, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, чанартай бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлэж цаашлаад олон улсын хэмжээнд дотоодын бүтээгдэхүүнийг нийлүүлэх, өдөр тутмын хэрэглээгээр дамжуулан үндэсний өв уламжлалаа дэлгэрүүлэх, шинэ технологиийг монгол хүний ур ухаантай  хослуулан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилготой юм.

Шилдэг дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “Бавариа моторс” ХХК-ийн “3-S BMW” үйлчилгээ шалгарав.

"Бавариа Моторс" ХХК нь дэлхийн 130 гаруй улс, оронд автомашин, техник хэрэгсэл борлуулдаг, тансаг зэрэглэлийн автомашины ангилалд борлуултаaраа салбартаа тэргүүлэгч Герман Улсын алдарт BMW брэндийг албан ёсоор Монгол Улсад оруулж ирээд байна. BMW группийн албан ёсны "3-S BMW" үйлчилгээг анх удаагаа Монгол Улсад нэвтрүүлж, албан ёсны showroom-ээрээ дамжуулан хэрэглэгчиддээ борлуулалт, борлуулалтын дараах үйлчилгээг BMW-ийн олон улсын стандартын дагуу явуулж байна.

Шилдэг барилга, байгууламж төрөлд NCD группийн “Гарден сити” хотхон шалгарлаа. Номин констракшн девелопмент групп нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 1997 оноос хойш ажиллаж байгаа юм. NCD Групп нь Гарден сити хотхоны төсөлд 1000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Монгол Улсын орон сууцны барилгын салбарт жишиг болохуйц хотхоныг гадаад орчин, архитектур дизайны шинэлэг шийдэлтэйгээр, хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашиглан бүтээн байгуулсан билээ.

Тусгай шагналыг Барилга, байгууламж төрөлд “Алтай холдинг” ХХК, Гарааны бизнес төрөлд “Ворлд Плас дижитал” ХХК, Брэндинг төрөлд “Минпро” ХХК, Дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлсэн байгууллага төрөлд “Грийн индастри” ХХК нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

 


Холбоотой мэдээ