Хөдөө аж ахуйн салбарт 792 иргэнийг байнгын ажлын байртай болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн талаар Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэлээс тодрууллаа.
Ховд
аймагт “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оноос
хойш 396 залуу малчин өрхийг 34524 толгой бог малаар малжуулжээ. Үүнд нэг
тэрбум зургаан зуун далан сая төгрөгийн санхүүжилт зарцуулсан бөгөөд 792
иргэнийг хөдөө аж ахуйн салбарт байнгын ажлын байртай болгожээ.
Мөн
энэ жил 76 залуу малчныг малжуулах үйл ажиллагаанд хамруулж, 340.0 сая
төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
Малчдын
хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар цөөн малтай болон малгүй иргэдийг ажлын
байртай болгох, малжуулахад энэхүү хөтөлбөрийн зорилго чиглэж буй.
Мөн мал маллагааны арга
ажиллагаа, аж ахуй эрхлэлтийн талаар холбогдох мэргэжилтнүүд сургалт явуулж, туршлага
солилцох уулзалт зохион байгуулах, малын хашаа барих, хадлан тэжээл,
өвөлжилтийн бэлтгэл хангах зэрэг ажилд дэмжлэг туслалцаа үзүүлдэг байна.
Өрхийг
малжуулах үйл ажиллагаанд хөдөлмөрийн чадвартай, 18-45 насны хоёроос доошгүй
гишүүнтэй, малгүй болон 200 хүртэл толгой малтай малчныг хамруулна.
Хэрвээ малчин өрх нь малгүй болон 150
хүртэл толгой малтай бол 5.0 сая төгрөг, 150-200 толгой малтай бол 4.0 сая
төгрөгийн мал худалдан авна. Санхүүгийн
дэмжлэгийг 100 хувь мал худалдан авч өгснөөс хойш 36 сарын дотор эргэн
төлнө.
Харин
гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хот, суурингаас
хөдөөд шилжин суурьшиж мал маллах хүсэлтэй өрхийг цалин хөлстэй ажилд зуучлах замаар хоёр
жилийн хугацаанд тогтвортой ажлын байраар хангадаг аж.
Гэрээт малчин өрхийг ажиллуулах малчин нь бог малд
шилжүүлснээр 600 болон түүнээс дээш тооны малтай, гэрээгээр мал маллах өрхийг
авч ажиллуулах хүсэлт гаргасан байна. Мөн гэрээт малчин өрх 18-59 насны хөдөлмөрийн
чадвартай хоёроос доошгүй гишүүнтэй, гэр бүлээрээ хөдөөд шилжин суурьшиж, хоёроос
доошгүй жил гэрээт малчнаар ажиллах нөхцөлийг зөвшөөрч хүсэлт гаргасан байх учиртай гэж мэдээллээ.
Мөн гэрээ, цалин хөлс, дэмжлэгийн
тухайд ажил олгогч малчин нь гэрээт малчин өрхийн хоёр гишүүнийг сард хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээнээс доошгүй
үндсэн цалинтай байхаар харилцан тохиролцож, цалин хөлсийг сар бүр мөнгөн
хэлбэрээр олгох аж.