Махны зохистой экспорт МАА-н салбар дахь олон эрсдэлийг шийдэхэд нөлөөлөх үү?

ТОЙМ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-04 14:59:26
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын мал сүрэг жилд дунджаар 5 саяар өсдөг. Энэ намар төл малтайгаа нийлсэн 80 сая орчим мал намаржиж байна. Малын тоо сүүлийн таван жилд тасралтгүй өссөн нь нэг талаар эерэг мэдээ боловч бэлчээрийн даац хэтрэх, сүргийн бүтэц алдагдах, малын өвчин дэлгэрэх, өвс, тэжээлийн нөөц хүрэлцэхгүй байх зэрэг эдийн засгийн эргэлтийг сааруулах олон эрсдэлийг дагуулдаг. Харин 2018 онд малын өсөлт өмнөх онуудынхаас буурсан нь дотоодын хэрэгцээнээс давсан махаа нэмүү өртөг шингээж экспортолсны үр дүн бөгөөд энэ нь малын тоог тогтвортой хадгалахад чухал үүрэг гүйцэтгэснийг салбарынхан тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, малын тоо биш чанарт анхаарах ёстой гэх олон жил яригдсан асуудал биеллээ олж эхэлсэн.


Жилд 180 мянган тонн мах экспортлох боломж байна


Манай улс хүн амын дотоодын хэрэгцээнд жилд дунджаар 10-12 сая толгой мал хэрэглэдэг. Бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй жилд 9 сая толгой мал буюу 180 мянган тонн мах экспортлох боломжит нөөцтэй. 2010 оноос өмнө жилд дунджаар 2-3 мянган тонн мах экспортолдог байсан бөгөөд энэ тоо хамгийн ихдээ 28 мянган тоннд хүрч байв.


Монгол малын иддэг 80 төрлийн ургамлын 30 гаруй нь хүний биед ач тустай эмийн ургамал байдгийг судлаачид тогтоожээ. Байгалийн шимт өвсөөр тэжээгддэг учир амт чанарын хувьд бусад улсын фермерийн малаас өрсөлдөх чадвараар илүү байдаг аж. Улс орнууд манайхаас мах импортлох сонирхолтой байдаг ч нөгөө л малын эрүүл мэндийн асуудал, экспортын тогтворгүй бодлого энэ ажилд чөдөр тушаа болдог. Харин Малын эрүүл мэндийн тухай хууль болон Малын генетикийн нөөцийн тухай хуулийн хэрэгжилтээр малын өвчлөлийн асуудал ихээхэн цэгцэрч экспортод хамгийн том түлхэц болсныг Монголын махны холбооны Гүйцэтгэх захирал Б.Очирбат онцолсон юм.



Дотоодын зах зээлд махны хомсдол үүсэхэд экспорт нөлөөлсөн үү?


Өнгөрсөн өвлөөс дотоодын зах зээлд махны нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Үүнд улирлын хамаарал, ханшийн савлагаа, шатахууны үнэ, цаашлаад мал, мах бэлтгэлийн тогтолцоо сул, махны нөөц бүрдүүлэх санхүүжилт дутмаг зэргийг дурдаж болох бөгөөд махны экспорт голлон нөлөөлөөгүй гэж салбарын яам онцолж байна. 


Монгол Улс 2018 онд хамгийн их буюу 72 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон. Энэ нь махны экспортыг 50 мянган тоннд хүргэх Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг биелүүлж 400 тэрбум төгрөгийн худалдаа хийсэн үзүүлэлт юм. Харин энэ оны эхний есөн сарын байдлаар 13.5 мянган тонн адуу, нэг мянган тонн хонь, ямаа, 855 тонн дайвар бүтээгдэхүүн, 11.8 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах буюу нийт 27 мянган тонн махан бүтээгдэхүүн экспортлоод байна.


Он дуусахад хоёрхон сарын хугацаа үлдсэн байхад экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос харьцангуй бага байгаа нь Стратегийн хүнсийг экспортлох, импортлох журамд өөрчлөлт оруулахаар өнгөрсөн зургаадугаар сараас саяхныг хүртэл махны экспортыг түр зогсоосонтой шууд холбоотой. Махны экспортын журамд өөрчлөлт оруулах болсон шалтгаан дотоодын хомстлоос гадна шаардлага хангаагүй үйлдвэрт мах бэлтгэж экспортлох эрхтэй компанийн нэрийн дор гаргах зөрчил цөөнгүй илэрсэнтэй холбоотой юм.


/Монгол Улсын мал сүргийн бүтэц/ 


ХХААХҮЯ-наас хийсэн тооцоо судалгаагаар манай улсын нийт малын 86 хувийг бог мал, үлдсэн хувийг бод мал эзэлдэг аж. Бог, бод малын тоо харьцангуй зөрүүтэй байгаа учир адуу, үхрийн махны экспортод хязгаар тогтоосон. Харин бог малын тоо их тул экспортыг төдийлөн хязгаарладаггүй байв. Гэвч Стратегийн хүнсийг экспортлох, импортлох журмын өөрчлөлтөөр бог малын махны экспорт буюу дулааны аргаар боловсруулсан махыг ч квоттой болгосон юм.  Мөн дотоодын зах зээлд махны хомсдол үүсгэхгүйн тулд экспортлогч ААН-үүдийг экспортод гаргах махныхаа 10 хувийг дотооддоо нийлүүлэх зохицуулалтыг хийжээ. Махны экспортын квотыг Ерөнхий сайдаар ахлуулсан Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөс тогтоодог бөгөөд энэ жил 31 мянган тонн адууны мах экспортлох квоттой. Харин дулааны аргаар боловсруулсан махны квотыг хараахан тогтоогоогүй байгаа юм.


Зогсолтгүй өсөх Хятадын махны эрэлт


Хятад улс манай хамгийн ойр, томоохон боломжит зах зээл гэдэгтэй маргах хүн үгүй. Тиймдээ ч манай нийт махны экспортын 80 хувь орчим нь БНХАУ руу гардаг. Улсын хэмжээнд 50 гаруй төхөөрөх үйлдвэр, 100 гаруй боловсруулах үйлдвэр байдгаас БНХАУ руу адууны хөлдүү мах экспортлох эрхтэй 10 үйлдвэр, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах экспортлох эрхтэй 15 үйлдвэр байгаа юм. Эдгээр үйлдвэрийн тоог нэмэхээр Хятадын Гаалийн ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын газраас үйлдвэрүүдэд ойрын хугацаанд хянан магадлагаа хийх юм.



/БНХАУ-ын нэг хүнд ногдох мах, махан бүтээгдэхүүний хэмжээний урьдчилсан таамаг /кг-аар/ 

Эх сурвалж: НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага/


Хятад улсын махны хэрэглээ жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгааг дээрх графикаас харж болох юм. 2026 онд Хятад улсын дундаж иргэн жилд 55 кг мах буюу 2017 оныхоос 10 хувиар илүү мах хэрэглэнэ гэсэн судалгаа гарчээ. Хятадууд хүнсэндээ гахай, шувууны махыг түлхүү хэрэглэдэг ч амьжиргаа сайжрахын хэрээр үнэтэйд тооцогддог үхрийн махны хэрэглээ ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. 2013-2017 онд Хятадын үхрийн махны үйлдвэрлэлийн хэмжээ 6 сая тонноос 6.3 тонн болж ердөө 0.9 хувиар өсөхөд үхрийн махны импорт 24 орчим хувиар өссөн нь Хятадад үхэр үржүүлгийн өртөг өссөнтэй холбоотой.


Махны импортын талаарх Хятадын засгийн газрын бодлого хязгаарлалт болон урамшууллын аль алийг нь агуулдаг аж. Нэг талаас, халдварт өвчнийг хянах, дотоодын махны үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор өндөр эрсдэлтэй улс, бүс нутгаас мах махан бүтээгдэхүүн импортлохыг хориглодог. Нөгөөтээгүүр импортын махны үнийг бууруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор зарим улс оронтой худалдааны гэрээ байгуулж тухайн улсын шаардлага хангасан үйлдвэрүүдийг магадлан итгэмжилдэг. Хятад улсад манайхаас гадна АНУ, Канад, Аргентин, Чили, Уругвай зэрэг 16 улс мах нийлүүлдэг юм.


UNECE буюу Европ руу мах экспортлох боломж


Монгол Улс БНХАУ, ОХУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Иран, АНЭУ, Япон тэргүүтэй 15 улсад хонь, ямаа, үхэр, адууны мах, махан бүтээгдэхүүн экспортолдог. Иран руу хонь, ямааны хөлдүү мах, Казахстан, Туркменистан руу хонины сүүл зэрэг дайвар бүтээгдэхүүн түлхүү экспортолж байна. Япон руу дайвар бүтээгдэхүүнээр хийсэн нохойн хоол гаргадаг байсан бол саяхнаас адууны мах экспортолж эхэлжээ.  


Мах, махан бүтээгдэхүүний олон улсын хэд хэдэн стандарт байдаг ч улс орон бүр өөрийн стандарт шаардлагыг тавьдаг нь экспортод учирдаг нэгэн том хүндрэл. Жишээлбэл, ОХУ-ын стандартын шаардлагыг хангасан мах БНХАУ-ын шаардлагад нийцэхгүй. Энэ нь тухайн улс орны зан заншил, хоолны соёл, цаашлаад хүнсний аюулгүй байдлын бодлоготой холбоотой юм.



Манай улс ISO стандартын дагуу хэсэгчилсэн мах бэлтгэлийн MNS стандартыг мөрддөг бөгөөд HACCP, Халал зэрэг мах бэлтгэлийн олон улсын стандартыг хангасан махны үйлдвэрүүд цөөнгүй бий. Харин саяхан Женев хотноо болсон Монгол Улсын Засгийн газар болон олон улсын байгууллага хоорондын “Монгол Улсын махны салбар” сэдэвт зөвлөлдөх уулзалтын үеэр НҮБ-ын Европ дахь эдийн засгийн комиссын UNECE Махны стандартыг хангавал Монгол Улс Европын орнууд руу мах экспортлох бүрэн боломжтойг онцолжээ. Үүний дагуу ХХААХҮЯ UNECE махны стандартыг нэвтрүүлэхээр судалж эхэлсэн байна.


Эцэст нь дурдахад, манай улсын мал сүргийн тоо сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж 80 саяд хүрлээ. Энэ тоо нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн даац хэтрэх, өвс тэжээлийн нөөц дутагдах, малын өвчин дэлгэрэх зэрэг эрсдэл бий болдог. Үүнээс сэргийлж чадах нэг гарц нь махны оновчтой бодлого бүхий зохистой экспорт байж болох юм. Мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа өнөө цагт олон улсын жишигт нийцсэн органик махыг экспортолж өндөр үр ашиг хүртэх боломж манайд бий. Учир нь монгол мах бол манай экспортын нэг гол бүтээгдэхүүн, валют олдог чухал эх үүсвэр болох бүрэн боломжтой. Гагцхүү экспортоо тогтвортой нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын зах зээлээ ч хямд чанартай махаар хангах төрийн оновчтой бодлого үгүйлэгдэж байна. Дээр нь малын өвчинтэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, эрүүл ахуйн баталгаатай мах бэлтгэн импортлогчдын байнгын итгэлийг олох явдал юу юунаас чухал байна. Ингэж чадсан цагт монгол алт, зэс, нүүрсний араас монгол мах гэсэн экспортын нэгэн чухал бүтээгдэхүүнээ дэлхий дахинд тунхаглаж, брэнд болгох боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ