“Altaa & Sally-21” аялан тоглолт Өмнөговь аймагт амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-11-05 13:38:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монголын поп дива дуучид болох МУГЖ Ж.Алтанцэцэг, СТА С.Сэрчмаа нарын хамтарсан Altaa & Sally-21” аялан тоглолт Өмнөговь аймагт боллоо. Тэд тус аймгийн Цогтцэций, Ханбогд Даланзадгад сумын иргэдэд өөрсдийн ая дуугаа өргөн барьсан юм.

МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг хэлэхдээ "Би Өмнөговь аймагт 12 жилийн дараа ирж байна. Үнэхээр их өөрчлөгджээ. Хүмүүсийн амьдрал нь ч, бүтээн байгуулалт нь ч, бүр дэлгүүрүүд нь хүртэл Улаанбаатар хотоос ялгарахааргүй болсон байна. On'n Off продакшний найруулагч С.Ононбат, Т.Нансалмаа нар маань өнгөрсөн найман сарын сүүлээр бид хоёрыг хамтдаа аялал тоглолт хийгээч гэсэн саналыг тавьсан. Дуучин хүмүүст нийгмийн өмнө хүлээсэн маш том хариуцлага байдаг тиймээс тухайн саналыг баяртай хүлээж аваад бид аялан тоглолтоор хөдөө орон нутгаа тойрохоор гарсан. Тоглолтууд маань маш сайхан болж байна. Очсон газар бүр хүлээлттэй, үзэгчид олонтой байна. Миний иргэдэд хүргэж байгаа гол санаа нь эмэгтэй хүн гэдгээрээ эв нэгдлийг бусдад уриалж байна. МОНЦАМЭ агентлаг биднийг дэмжиж байгаад маш их баяртай байна. Хаана ч явсан эмэгтэйчүүд биднийг хүндэтгэн хүлээж авч байгаагийн нэг нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа байлаа. Рок попынхон тэр бүр ингэж аялан тоглолт хийдэггүй бид түүчээ нь болж байгаадаа баяртай байна. Тоглолтуудаараа хуучин болон шинэ уран бүтээлүүдээ үзэгчиддээ хүргэж байгаа" гэлээ. 

Хоёр дуучин маань 90-ээд онд хит болж байсан дуунуудаараа үзэгчдээ байлдан дагуулж, огшоосон сайхан тоглолт боллоо. Тоглолтын үеэр азтай үзэгчдээ шалгаруулж шагнал гардуулсан юм. Даланзадгад сумын уугуул Б.Цэнд-Аюуш хамгийн хүндтэй бэлэг болох цул мөнгөөр цутгаж хийсэн хос хунгийн жаазалсан сувинерын эзэн болсон юм. Тэд өнөөдөр Дундговь аймагт аялан тоглолтоо үргэлжлүүлнэ.   

Холбоотой мэдээ