НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-11-05 13:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх азийн орнуудад НҮБ-ыг төлөөлөн ажилласан арвин туршлагатай хүн томилогдсонд олзуурхаж буйгаа илэрхийлж, амжилт хүсээд, бидний харилцаа, үйл ажиллагаанд ажлын туршлага арга барил тань чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна гэв.


НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, "НҮБ нь сүүлийн жилүүдэд бодлогын шинэчлэлийг шат дараатай явуулж буй. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр зэрэгт уялдсан бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарч байна. Монгол Улс тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдаа тулгуурлан зорилтот түвшний шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлж ажиллаж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад маш сайн байгаа. Хоёрдугаарт тулгамдсан асуудлаа оновчтой тодорхойлж, сайн дурын тайланг НҮБ-ын индрээс дэлхийн улс орнуудад сонордуулсан нь чухал. Цаашид Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, боловсруулах үйлдвэрийг олноор барьж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тодорхой зорилтуудыг дэмжих сонирхолтой байна" гэв.


НҮБ-аас хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилт нь оновчтой бодлого. Монгол Улс газарзүй, хүн амзүй, улстөрийн бодлогын хувьд онцлогтой улс. Эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал. Иймд уул уурхайгаас гадна уламжлалт хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, нэмүү өртөг шингээн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах сонирхол, зорилго байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Холбоотой мэдээ