Б.Золжаргал Олон улсын уулчдын холбооны дэд ерөнхийлөгч болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-05 14:41:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын уулчдын холбоо /UIAA/-ны 2019 оны ээлжит Ерөнхий ассамблей 11 дүгээр сарын 1-3-нд Кипр улсын Ларнака хотод боллоо.

Ерөнхий ассамблейд Монголын уулчдын үндэсний холбоо /МУҮХ/-г төлөөлж ерөнхийлөгч Б.Тулга, дэд ерөнхийлөгч Б.Золжаргал, санхүү, хөрөнгө оруулалтын хорооны дарга Н.Дөл-Эрдэнэ, Мөсөнд авиралтын хорооны гишүүн Г.Батбаяр нар оролцжээ.

ОУУХ-ны 2019 оны Ерөнхий Ассамблей Удирдах зөвлөлөө шинэчлэх хуралдаантай сонгуульт жил болсноороо онцлогтой байв. Тус холбооны Удирдах зөвлөлийн 7 гишүүний 3-ыг нь чөлөөлж,  шинэ 3 гишүүнд Монгол, Иран, Мальт, Ирланд, Бельги, Кипр, Непал улсын холбоодоос нэр дэвшигчдээ тодорхойлжээ. Эдгээрээс Иран, Бельги, Монголын уулын холбоодын гишүүдийг сонгосон байна. Удирдах зөвлөл шинэ бүрэлдэхүүнээр 11 дүгээр сарын 3-нд хуралдаж, Удирдах зөвлөлийн дотоод бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэж, ажил үүргийг хуваарилж, Б.Золжаргалыг Дэд ерөнхийлөгчид, Лоүд Бэккэрсийг Ерөнхий нарийн бичгийн даргад тус тус томилсон байна.

Ташрамд дурдахад, МУҮХ нь 2018 оны спортын шилдгүүдийг тодруулах "Бөртө чоно" наадмын "Шилдэг менежмэнттэй холбоо" номинацид тэргүүлсэн. Хамтын ажиллагааны хувьд, 2018 онд ОХУ-ын сургагч багш нартай хамтран ОБЕГ-ын аврагч нарт уулын аврах ажиллагааны сургалтыг Алтай Таван богдод, 2019 онд БОАЖЯ-тай хамтран "Өндөр уулсын бүсэд авиралт хийх журам" батлуулж, Олон улсын Петцл сантай хамтран 10 дугаар сард уулын клубүүдэд "Цасан нурангинаас сэргийлэх, аврах ажиллагаа явуулах" 10 хоногийн сургалт явуулсан байна.

2020 оны зуны олимпын төрөлд шинээр орсон уулын спортын нэг төрөл болох спорт авиралт, 2022 оны өвлийн олимпын төрөлд шинээр орох хамгийн магадлалтай, мөсөнд авиралтын төрлүүдээр сүүлийн гурван жил тамирчдаа тасралтгүй олон улсын хамтарсан бэлтгэлд хамруулж, олон улсын зэрэглэлтэй дэлхийн цомын тэмцээнд бэлтгэн оролцуулж байгаа юм.

Холбоотой мэдээ