Эрүүл мэндийн салбарынхан ёс зүйн мэдлэгээ дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-11-07 17:41:18

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Монгол Улсын ЭМЯ-наас 2019 оныг “Инээмсэглэл-Эерэг хандлага”-ын жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооноос “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” сэдвийн дор орон нутагт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хуваарийн дагуу зохион байгуулж байна.  

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажилтан, албан хаагчид болон удирдах ажилтнууд дээрх сургалтад хамрагдлаа. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар зарласан жилийн ажлыг дэмжиж 2019 онд салбарын хэмжээнд зохион байгуулж буй сургалтуудынхаа тодорхой цагийг ёс зүйн сэдвээр мэдлэг олгоход зориулан улмаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ харилцаа хандлагыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж иржээ.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэгэнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудал нэлээд хөндөгдөх болсон байна. Улс орон нийгэм, эдийн засаг, анагаах ухаан хөгжихийн хэрээр эмч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөл өөрчлөгдөж, улмаар эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч хоорондын харилцаанд урьд өмнө гарч байгаагүй ёс зүйн зөрчил гарч эхэлжээ. Эл асуудлаа эрүүл мэндийн байгууллагууд өөр өөрсдийн түвшинд шийдвэрлэж байгаа ч харъяа ёс зүйн салбар хороо, хэсгийн хороодыг чадавхжуулах, улмаар өнөөдрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалт зохион байгуулах шаардлага урган гарсан гэв.  

ЭМЯ-ны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны гишүүн, ЭМЯ-ны Соён гэгээрүүлэх дэд зөвлөлийн дарга Д.Оюунбилэг, Иргэн та Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ өөрийн гэсэн үүргээ хэдийчинээ ухамсарлаж, манай эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажиллагсадтай соёлтой харьцана төдий чинээ эрүүл мэндийн салбарын ачаалал буурна. Цаашлаад хүн хоорондын харилцааны зөрчил будлиан багасах боломжтой гэдгийг бүгдээрээ анхаарах ёстой. Мөн иргэд маань эрүүл зан үйлийг төлөвшүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээндээ цаг хугацаандаа орж, эрт илрүүлэгт хамрагдаж, хууль дүрмээ хэрэгжүүлэн сахин хамгаалж ажилладаг байвал, бид хэн хэндээ дарамтгүй, ачаалал багатайгаар эерэг уур амьсгал бүрдүүлэн хамтран ажиллах боломжтой” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймагт зохион байгуулсан сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлэг, Сайхан сум дундын эмнэлгүүдийн ёс зүйн хэсгийн хорооны төлөөлөл болон Өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв, мөн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшил бүхий эмнэлгүүдийн төлөөлөл болсон 200 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчид оролцсон байна.

 

Холбоотой мэдээ