“Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлэг болов

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2019-11-08 15:12:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо (МАЭХ), “Улаанбаатар иргэдийн форум” хамтран “Соёлын өвөө хамгаалцгаая” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав.


Уг хэлэлцүүлэг Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгалт барилгуудыг хамгаалах, сэргээх, засварлах талаар зөвлөмж гаргаж УИХ, Засгийн газарт хүргүүлэх зорилготой юм.


Хэлэлцүүлгийг нээж УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Улаанбаатар хотод 1930 оноос барилга эрчимтэй барьж эхэлсэн түүхтэй. Тухайн үеийн төр, засгийн удирдлагууд нийслэлийн өнгө төрхийг нарийн бодолцож, монгол гэрийн түшиг тулгуур болох баганыг бэлгэдэн хэд хэдэн баганат барилга барьсан. Засгийн газраас Байгалийн түүхий музей, УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинээр барихаар төлөвлөснийг бид эсэргүүцэж байна. Улмаар дээрх дөрвөн барилга болон Соёлын төв өргөө, МУИС-ийн төв байр, Спортын төв ордон, Монголын хөрөнгийн биржийн байрыг “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д оруулах санал хүргүүлсэн” хэмээв.


Харин МАЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, “Дэлхийн улс орнууд соёлын өвөө сэргээн засварлаж, хамгаалдаг. Тиймээс бид Байгалийн түүхийн музей, УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгаж, шинээр барих бус, сэргээн засварлах эсхүл өмнөх өнгө төрхөөр нь дахин барих ёстой хэмээн үзэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ